“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

352

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2018.01.04) “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан өргөн мэдүүлэв.

Монгол Улсын нэгдэн орсон Консулын харилцааны тухай Венийн конвенц, Монгол Улс, Бүгд найрамдах Хятад Ард Улс хоорондын 1986 оны консулын конвенцийг тус тус үндэслэн хоёр улсын Засгийн газар Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суух Ерөнхий консулын газрыг нээх асуудлыг дипломат шугамаар 2012 онд харилцан тохиролцож нээсэн байна.

Дээрх конвенциудын дагуу талууд нөгөө талынхаа дипломат төлөөлөгчийн газруудын албан хэрэгцээнд зориулж газар олгох, барилга байгууламжаа барьж байгуулахад нь бүх талын дэмжлэг харилцан үзүүлэх үүрэгтэй байдаг. Энэ дагуу хятадын талаас Ерөнхий консулын газрын барилга байгууламжийг барихад зориулан 3-4 га газар авах хүсэлт тавьсныг Дорноговь аймаг, Замын-Үүд сумын эрх бүхий байгууллагуудад уламжлан 2 га газрыг олгуулах шийдвэрийг орон нутгийн түвшинд гаргуулсан байна.

Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх заалтад заасны дагуу гадаад улсын дипломат болон консулын газарт олгох газар нь улсын тусгай хэрэгцээний газарт хамаардаг, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 17.1.3 дахь заалтад заасны дагуу Улсын Их Хурал гадаад улсын дипломат болон консулын газарт олгох газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоодог зохицуулалттай. Дээрх хууль, эрх зүйн үндэслэл, практик шаардлагын дагуу “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.