Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр гаргав

538

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүйн сайд Ц.Нямдорж нар мэдээлэл хийлээ.

Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Эрдэнэтийн 49 хувийг хувьчилсан нь хууль бус гэсэн шийдвэр УИХ-аас гарсан. 2016 оны УИХ-ын сонгуулиас өмнө Худалдаа хөгжлийн банкинд хууль бус хувьчлалыг хуйвалдаанаар хийсэн.

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах тухай УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсэг 2017 оны аравдугаар сард байгуулагдан ажлаа эхэлсэн. Ажлын хэсгийнхэн Монголын зэс корпорацитай холбогдох тооцоогоо хийгээд, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэрийг өнөөдөр гаргасан байна. 49 хувийг авсан талын улсаас шууд болон шууд бусаар авсан мөнгөн дүн тэнцэж байна. Тиймээс Эрдэнэтийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр гаргалаа. Одоо УИХ, Засгийн газрын шийдвэр хэрэгжинэ.

-Монголын зэс корпораци Арбитрын шүүхэд хандвал яах вэ? 
-Гомдол гаргах, эсэх нь тэр хүмүүсийн асуудал. Хэрэв шүүхэд хандвал Засгийн  газар өөрийн гаргасан шийдвэрийг зөв болохыг нотлох баримтуудыг гаргаж өгнө. Эрдэнэтийн 49 хувийг хувьчилсан 2016 оны тогтоол хууль бус болохыг тогтоосон, мөнгөн дүнг нь гаргаад тавьчихсан шүү дээ.

2016 оны зургаадугаар сард Засгийн газар энэ асуудлыг хэлэлцэхээс өмнө дөрөвдүгээр сарын 21-ний өдөр 5 сая долларын төлбөр Орос руу хийгдсэн байсан. Эрдэнэт үйлдвэрийн хэлэлцээр, Засгийн газар давуу эрх эдлэх хэлэлцээр нь хүчинтэй, энэ гэрээний талаар ямар нэг асуудал УИХ дээр танилцуулаагүй байхад төлбөр хийгээд эхэлнэ гэдэг хуйвалдаан аль хэдийнэ эхэлсэн гэсэн үг.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Төмөртэйн ордоос Дарханы металлургийн үйлдвэр, Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас Хүдэр сумын Төмөртэйн уурхай хүртэлх 110 км-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамын өргөтгөх шинэчлэн сайжруулах ажил, Сэлэнгэ аймгаар дамжин өнгөрөх олон улсын хүнд даацын хатуу хучилттай 95 км зам барих ажлыг улсын төсвөөс ямар нэг төлбөр авахгүйгээр гүйцэтгэх гэрээг 2014 онд байгуулсан.

Гэвч 2015 онд энэ гэрээний нөхцөлийг өөрчилж, уг замыг барихад 240.7 тэрбум төгрөгийг Улсын төсвөөс вексел болон үнэт цаас хэлбэрээр мөнгөжүүлж авсан нь нийтийн эрх ашигт халдсан хууль бус шийдвэр. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийх ажлыг улсын төсвөөс гаргасан учир Засгийн газрын хуралдаанаар энэ шийдвэрийг хүчингүй болгож, дээрх төлбөрийг буцаан авах шийдвэр гаргасан юм.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрдэнэтийн 49 хувийг хувьчилсан нь хууль бус гэсэн шийдвэр УИХ-аас гаргасан. УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн Монголын зэс корпорацийнхантай 4 удаагийн уулзалт хийсэн. Ийм суутгалуудыг хийх саналтай буйгаа мэдэгдсэн. Тэдний хувьд санал нийлэхгүй зүйл ч байгаа. Бид УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Энэ компани 49 хувийг авахдаа Монгол улсын холбогдох бүх хуулийг зөрчсөн нь тодорхой болсон гэв.

Цаашид Эрдэнэт үйлдвэрийн үр ашгийг сайжруулахын тулд ойрын үед Засгийн газраар асуудал оруулахаар боллоо. Олигархийн засаглалаас олон нийтийн засаглалд шилжүүлж, хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх юм гэж мэдээллээ.