Д.Цогтбаатар: ЕХ-ны “хар жагсаалт”-аас гаргах ажлыг эхлүүллээ

812

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Австрийн Вена хотноо энэ сарын 7-8-ны өдрүүдэд болсон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сайд нарын зөвлөлийн 24 дүгээр уулзалтад оролцлоо. Сайд Д.Цогтбаатар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын сайд нарын зөвлөлийн хуралдаанд Монгол улсыг Европын Холбооны хар жагсаалтад багтаасан асуудлаар байр сууриа илэрхийлсэн байна.

Тэрбээр “Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд эдийн засаг, тогтвортой хөгжил, терроризм, хүчирхийлэлд турхирсан хэт туйлшрах үзлээс урьдчилан сэргийлэхэд хамтын хүчээ нэгтгэж, итгэлцлийг бэхжүүлэх нь чухал. Европын Холбооны зүгээс Монгол Улсыг татварын ил тод бус тогтолцоотой улс орнуудын “хар жагсаалт”-ад багтаасан нь үндэслэл султай, харамсалтай алхам болж байна” хэмээн хэлсэн юм. Түүнчлэн Европын Холбооны “хар жагсаалт”-аас Монгол улсыг гаргах ажилд чухал үүрэг гүйцэтгэжээ.

Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Европын Холбооны “хар жагсаалт”-аас гаргах ажлыг Европ (Вена хотод) эхлүүллээ. Энд уулзсан Европын холбооны гишүүн орны төлөөлөгчдийн тэргүүн/сайд бүртэй уулзахдаа асуудлыг тавилаа. Одоо бид төр, засгийн бүх шатандаа дэс дараатай арга хэмжээнүүдийг уялдаа холбоотойгоор хамтдаа авч хэрэгжүүлэх хэрэгтэй болно” гэж бичжээ.