УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

635

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2017.11.23/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 06 дугаар дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.5-д заасны дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос боловсруулан 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн хэмээн УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцуулсан юм.

Монгол Улсын Их Хурлаас 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт “Нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах;” гэснийг тус тус зөрчсөн байна.” гэж дүгнэсэн Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн билээ.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Н.Энхболд, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан нар Ерөнхий сайдад дахин нэр дэвшүүлсэн өөр нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол энэ зохицуулалт дахин хэрэглэгдэж байх, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэхдээ нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг тусгайлан хэлэлцэх зорилго бүхий улс төрийн бүх намын төлөөллөөс бүрдсэн парламентыг байгуулж ажиллуулах, эцсийн шийдвэрийг одоогийн УИХ гаргаж, цогц байдлаар шийдвэрлэх болон аливаа хуулийн төслийг Үндсэн хуульд заасан хууль санаачлах эрх бүхий этгээдээс гадна Байнгын хороо боловсруулах нь Үндсэн хуулийн зарчимд нийцэж байгаа эсэхийг цаашид анхаарах талаар тус тус үг хэлсэн байна.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжсэн аж.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 87.2 хувь нь Байнгын хорооны саналыг дэмжсэнээр хууль батлагдлаа.

Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Мөн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг танилцуулав.

Уг хуулийн төсөлд гурилын үнийг нэмэхгүй, тогтвортой хадгалах, 2018 оны тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэх, малын өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангахад шаардагдах импортоор авах малын тэжээл, өвс, 225.0 мянган тонн хүнсний, 10 мянган тонн үрийн буудайг Гаалийн албан татвараас 2018 оны 06 дугаар сарын 31-нийг хүртлэх хугацаанд чөлөөлөх, хуулийн хэрэгжих хугацааг батлагдсан өдрөөс нь эхлэхээр тусгажээ.

Төсвийн байнгын хороо уг асуудлыг 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Ч.Улаан танилцуулсан юм.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Я.Содбаатар асуулт асууж, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат үг хэлсэн. УИХ-ын гишүүн Я.Содбаатар, зун ихэнх нутгаар гантай байснаас өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байгааг дурдаад малчид өвс тэжээлийг мал, махаар сольж авах бололцоо бий эсэхийг лавлаж байлаа. Түүнчлэн авч, тэжээлийг хөнгөлөлттэй олгох бол өвөлжилт хүндрэн мал сүрэг нэгэнт доройтсон хойно биш аль болох эрт малчдад хүргэх хэрэгтэй гэсэн саналтай байгаагаа ч илэрхийлсэн.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, энэ жил 51 мянган тонн хүчит тэжээл, 16.000 тонн мах улсын нөөцөд бэлтгэхээр ажиллаж байгааг дуулгаад малчдад хямд үнээр өвс, тэжээл өгөх, мал, махаар солих ажлыг зохион байгуулахаар зохион байгуулан ажиллаж байна гэсэн хариултыг өгсөн.

Ингээд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувь нь Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ.

Үргэлжлүүлээд Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн үзэл баримтлалын талаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг танилцуулав.

2017 оны ургац хураалтын дүнгээс харвал 2017-2018 оны хүн амын хүнсний хэрэгцээт улаанбуудайн 40 гаруй хувийг хураан авсан бөгөөд  дутагдах 225,0 мянган тонн улаанбуудайг импортоор авч нөөц бүрдүүлэх тооцоо гарчээ. 2018 оны тариалалтад нийт 60.0 мянган тонн үрийн буудай шаардагдах тооцоо гарч байгаа бөгөөд энэ намрын ургацаас 30.0 мянган тонн үрийн буудайг аж ахуйн нэгж, иргэд өөрсдөө нөөцөлсөн байна. Мөн Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь ургацаас 24.6 мянган тонн үрийн буудайн нөөц бүрдүүлээд байгаа бөгөөд 6.0 мянга орчим тонн үрийн буудайг импортоор авахаар ажиллаж буй аж. Өвс, тэжээлийн хангамжийн тухайд 2017 онд 850.0 мянга орчим тонныг бэлтгэж, 400 гаруй мянган тонн өвс дутагдахаар байгаа бөгөөд өвс, тэжээлийн балансаас үзэхэд 2017-2018 оны малын өвөлжилт, хаваржилтад 51.0 мянган тонн хүчит тэжээл дутагдалтай байгааг сайд онцолсон.

Цаашид гурилын үнийг нэмэхгүй, тогтвортой хадгалах, 2018 оны тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэх, малын өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангахад шаардагдах импортоор авах малын тэжээл, өвс, 225.0 мянган тонн хүнсний, 10 мянган тонн үрийн буудайг тус тус Нэмэгдсэн өртгийн албан татвараас 2018 оны 06 дугаар сарын 31-нийг хүртлэх хугацаанд чөлөөлөхөөр хуулийн төсөл боловсруулсан аж.

Төсвийн байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Ч.Улаан танилцуулсан.

Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн М.Билэгт, Ч.Улаан, А.Сүхбат нар үг хэлж байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 81.6 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэв

Мөн хуралдаанаар Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ асуудлыг өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан бөгөөд завсарлагын хугацаа дууссан учир үргэлжлүүлэн хэлэлцсэн юм.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.8 дахь хэсэгт “Дэд хорооны бүрэлдэхүүнд орсон гишүүн харьяалагдах Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарвал тухайн дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөгдсөнд тооцно” гэж заасны дагуу Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Гомбожавын Занданшатар, Дамдины Цогтбаатар нар чөлөөлөгдсөн.

Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд Монгол Ардын намын бүлгээс УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан, Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Л.Болдын нэрийг тус тус дэвшүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Оюунхорол нар Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд орох саналаа гаргасныг Байнгын хорооны хуралдаанд гаргасан горимын саналын дагуу нууц санал хураах хуудсаар санал хураалт явуулахад УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нар олонхийн санал авч дэмжигдсэн билээ.

Тус байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 78 хувь нь дэмжсэн учир Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Гомбожавын Занданшатар, Дамдины Цогтбаатар нарыг чөлөөлж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нарыг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр томиллоо

Дараа нь Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ хэмээн УИХ-ын гишүүн А.Ундраа танилцуулсан юм.

УИХ-ын гишүүн О.Содбилэг Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсэгт дэд хорооны бүрэлдэхүүний тоо нь тухайн Байнгын хорооны гишүүдийн хоёрны нэгээс илүүгүй байна гэснийг баримтлан Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг долоо болгох горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна.

Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Л.Болдыг Ардчилсан намын бүлэг, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг УИХ-ын гишүүн О.Содбилэг,  УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар тус тус Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах саналыг гаргаснаас Д.Оюунхорол, Л.Болд нар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэгийг авсан аж.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн үг хэлж байр сууриа илэрхийлсэн.

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 77.1 хувь нь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны саналыг дэмжсэнээр Тусгай хяналтын дэд хороо долоон гишүүний бүрэлдэхүүнтэй боллоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.