Монгол Улс хямралд ээрэгдчихээд байгаа. Улстөрчид энэ сэдвээр шоу хийхдээ голдуу эдийн засаг, санхүүгийн хямрал хэмээн тайлбарлаж, учир шалтгааныг нь өөрсдөөс нь өмнө засаг барьж байсан нам хүчнүүдтэй холбодог. Харин эрдэмтэн судлаачид хямралыг маш олон талаас харж, үүдэл сэдлийг нь маш ойлгомжтойгоор таниулахыг хичээдэг.
Тодруулбал, өнөөдөр Монголд нүүрлээд буй бүхий л хямрал, гажуудал нэн түрүүнд улстөржилт, тэр дундаа намд барьцаалагдсан төрөөс шууд хамааралтай. Мөн нийтийн сэтгэлгээний хоосрол, бэлэнчлэх үзэл үүнд маш том нөлөөтэй гэдэг. Нэг үгээр намчирхал, нам төрийн бодлого энэ хэвээр үргэлжилбэл манай улс үлдэх эсэхээ шийдвэрлэхэд хүрэх ажээ.
Тэгвэл яг энэ асуудлаар буюу намын зохион байгуулалтын тухай “Төрийн хямрал ба улстөрийн намын шинэчлэл” эрдэм шинжилгээний бага хурлыг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан санаачлан зохион байгууллаа. Энэ хуралд парламентад суудалтай намуудын төлөөлөл, эрдэмтэн, судлаач нар оролцсон юм.
Эрдэм шинжилгээний хуралд МАН-аас УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, МАХН-аас УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар илтгэл тавьсан. Уг нь хөтөлбөрт АН-аас УИХ-ын гишүүн Ж.Батзандан оролцож “АН-ын шинэчлэлийн үйл явц, тулгамдсан асуудлууд” сэдвээр илтгэл тавих байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас ирсэнгүй.
НАМД БАРЬЦААЛАГДСАН ТӨР
Монголын улстөрд одоогийн байдлаар МАН-ын эзлэх байр суурь хамгийн томд тооцогдож байна. Шууд утгаар энэ нам УИХ-ын 76 суудлын 65-ыг нь авснаар хэт олонхыг бүрдүүлж, дангаар засаг, төрийг удирдаж байгаа. Нөгөөтээгүүр МАН гишүүд дэмжигчдийнхээ тоогоор ч улсдаа толгой цохидог.
Гэсэн хэдий ч улс төрийн намын бодлого, үзэл баримтлал, удирдлагын бүтцийн хувьд яах аргагүй хямралын байдалд хүрсэн нь үнэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “МАН-ын шинэчлэл, хөгжлийн бодлого, хөтөлбөр” гэх илтгэл тавьсан юм. Түүний илтгэлийн утгыг сийрүүлбэл “МАН доторх тулгамдсан асуудлуудыг бид өөрсдөө хэн хэнээс илүү мэдэрч, ойлгож байгаа. Бид улс төрийн намын эрхзүйн орчныг яаж сайжруулж, шинэчлэх ёстой вэ.
Энэ асуудлыг байнга шахам ярьдаг, Хэлэлцүүлсэн нэр ч зүүдэг. Эрдэмтдийг цуглуулж санааг нь цуглуулсан болоод тараадаг. Харин асуудал бахь байдгаараа үлддэг жишээтэй. Шинэчлэлийн талаар маш олон санал санаачилга гарсан. Тухайлбал 2003 онд Монголд ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын IV бага хурал болсон. Эндээс Улаанбаатарын тунхаглал гээчийг батлан гаргасан, Тунхаглалд улс төрийн намуудын шинэчлэл зохих хэмжээгээр тусгагдсан. Тухайлбал шинэчлэлийг гүнзгийрүүлж, олон намын тогтолцоог бэхжүүлэх зорилтыг дэвшүүлжээ.
Үүний хүрээнд 2005 онд Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулж, баталсан. Гэвч энэ хууль цаг үеийн тулгамдсан асуудлууд, олон улсын нөхцөл, улс орнуудын харилцаа, улс төрийн намуудыг дагаж байгаа хөгжлийн явцыг болон манай улсын төр, нийгмийн харилцаа, үүнийг холбож намын үүргийг тодотгоход төдийлөн нөлөөлж чадаагүй, Үүнийг шийдэхийн тулд сүүлийн 2013 оноос Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх талаар олон удаа ярьсан. Г эвч намуудад үүнийг өөрчлөх хүсэл зорилго байсангүй.
Намын удирдлагуудаас гадна түүнийг парламентад төлөөлж байгаа гишүүдэд ч ийм сонирхол байхгүй гэдэг нь илэрхий болсон. Тиймээс бид энэ ажлын нэн түрүүнд парламентад суудалтай улс төрийн намууд, гишүүд, иргэний нийгмийн байгууллагууд, улс төр судлалын эрдэмтдийг нэгтгэх шаардлагатай ажээ. Улс төрийн намын шинэчлэлийн асуудлаар манай хорооноос тодорхой саналыг дэвшүүлсэн.
Тухайлбал, 2013 онд болсон намын XXVII Их хурлаас бид томоохон зорилтуудыг гарган ирсэн.МАН-ын Бодлого, шинэчлэлийн хөтөлбөрийг бид боловсруулаад үүнийг орон даяар танилцуулан, иргэдийн саналыг авч, Их хурлаар хэлэлцүүлж байлаа.
Нийгмийн хөгжлийг дагаад бүх нам зүүний, зүүн төвийн бодлого дэвшүүлдэг болсон. Харахад өөр өөр үзэл баримжаатай мэт боловч бодит байдал дээр ийм л байна. МАН ч үзэл баримтлалаа тодорхойлохгүй бол социал демократ юм уу, зүүний ардчилсан юм уу гэдэг нь тодорхойгүй байсан. Тэгэхээр үзэл баримтлалаа нэн тэргүүнд тодорхойлох зорилт тавьсан юм.
Хоёрдугаарт, хуйвалдааны бүлэглэлүүдийг ил болгомоор байна. Ил болгосноор тэдгээр бүлэглэлийг хүлээн зөвшөөрч байгаа юм биш. Нэгэнт л албан бус бүлэглэл фракц олширсон болохоор илчилж, таслан зогсоох зорилт тавьсан.
Гуравдугаарт, намын даргыг томчууд бус гишүүд хөтөлбөрөөр нь сонгодог болъё гэсэн. Өөрөөр хэлбэл, намын даргыг сонгохдоо арваадхан хүн хөшигний цаана хэлэлцэж, бие биедээ эрх шилжүүлэх маягаар ажилладаг. Гэтэл энэ хүмүүсийг нь намын гишүүд хүлээн зөвшөөрдөггүй. Намын гишүүддээ зөвшөөрөгдөөгүй хүнийг нийгэм ч хүлээж авдаггүй, Учир нь намын гишүүд бол нийгмийн толь. Улмаар тэр намын бодлого, хөтөлбөр ч нийгэмд зөвшөөрөгдөхгүй, үр дүнд хүрэхгүй. Нийгмийг дагуулах хөдөлгөгч хүч байх намын хүч алдагддаг, Тийм учраас намын гишүүд нь хөтөлбөрөөр нь сонгодог болох ёстой, Тэр сонголт ил тод, хяналттай байх ёстой.
Дөрөвдүгээрт, гишүүдийг шинэчлэн бүртгэж, оролцоог нь хангах чанартай нам болъё. Сүүлийн жилүүдэд нам гишүүдийн тооны араас л хөөцөлддөг болсон. Мянга мянгаар нь гишүүн элсүүлдэг. Гэтэл гишүүдийнх нь дунд намын бодлого, чиглэлийг огтоос ойлгоогүй байх тохиолдол маш олон бий. Үүнээс болж хэт намчирхдаг.
Тавдугаарт, санхүүжилтийг ил болгох. Энэ нь маш чухал асуудал. Санхүүжилт бүрхэг байснаар нам дагасан авлига газар авлаа. Хандив нэрээр авлига өгдөг. Гэтэл хандивыг далд бизнестэй этгээдүүд өгнө. Намыг ингэж санхүүжүүлснээрээ нөгөө далд бизнесийн бүлэглэлүүд нь улстөрийн намын оройд гарчихдаг. Эргээд төрийн бодлогод нөлөөлж, баялгийн хуваарилалтад оролцдог. Баялгийн хуваарилалтыг цөөнх, далд бизнесийн эрх ашигт зарцуулдаг. Тэгэхээр энэнээс ангижрах нэг том хөшүүрэг нь санхүүжилтийг ил болгох явдал.
Зургаадугаарт, авлигад өртсөн гишүүддээ хариуцлага тооцож, цэвэр нам болмоор байна.Нам дагасан авлига намын нэр хүндийг унагааж, энэ хэрээр нийгэм улстөрийн намд итгэхээ болино.
Долоодугаарт, оновчтой бүтэц зохион байгуулалт, хариуцлагын тогтолцоо. Өнөөдөр намын бүтэц хэтэрхий данхар байгаа. Энэ нь төрийн бүтэц данхар байгаагаас шууд хамаарч байна. Ийм олон яам манайд хэрэгтэй гэж эрдэмтэн, судлаачдаас асуухад хэрэггүй л гэдэг. Төрийн хэтэрхий данхар бүтцийг эзэгнэж ажиллахын тулд нам нь данхайчихдаг. Нөгөө талаар нам бас данхар бүтэцтэй байгаагаас тэрийгээ шингээхийн тулд төрийг данхайлгадаг. Мөн хариуцлагын тогтолцоо гэх зүйл нам дотор тунхаг төдийгөөр л оршиж зөвхөн даргыг хамгаалахад чиглэн ажилладаг. *
Наймдугаарт, боловсон хүчний бодлогыг татагдаж бус хөдөлмөрлөж дэвших системээр солимоор байна. Одоо бол нэг дарга нь залгамжлагчаа аль эртнээс тодруулчихдаг. Хөтөлж, гаргаж ирээд л тавьчихдаг. Энэ байдал бүхий л шатанд байгаа. Бүр гүн гүнзгий шигчихсэн.
Эдгээрийг XXVII Их хурлаас Бодлогын баримт бичигт шингээн гаргаж ирсэн. Гэхдээ Улстөрийн намын тухай хуулийг бид өөрчилж чадсангүй. Тэгэхээр одоо болох XXVIII Их хурлаар эдгээр асуудлыг цэгцэлж авах зайлшгүй шаардлагатай болж байна. Учир нь намын Их хурал нь зөвхөн дарга сонгох үйл ажиллагаа л болж хувирсан. Дарга сонгоод тухайн бүлэглэл л солигддог. Өөр үр дүн байхгүй. Энэ хэвээр байвал дарга солиод юу ч өөрчлөгдөхгүй тул хэрэгжүүлэх эзэнтэй, тооцох хариуцлагатай ажил болгоё” гэсэн юм.
О.БААСАНХҮҮ: МАХН ФАШИСТ ҮЗЭЛ РҮҮ ОРЖ БАЙНА
Харин эрдэм шинжилгээний бага хуралд МАХН-аас оролцсон О.Баасанхүүгийн хувьд дараах байдлаар намын шинэчлэлийг дүгнэж буйгаа илэрхийлсэн. Тэрбээр “Үзэл баримтлал тодорхой бус байна. МАН, МАХН-ын аль алин нь зүүн төвийнх гэгддэг. Гэхдээ энэ тодорхойлолт нь яг юу вэ гэдгийг хэлж мэддэггүй. Хатуухан хэлэхэд манай нам өнөөдөр зүүн төвийнх гэгддэг ч бодит байдал дээр ардчилсан ‘ социалист үзэлтэй байсныг эсрэг эргүүлж коммунист сэтгэлгээн дээр суурилсан.
Хүмүүс санаж байгаа бол манай нам 400 мянган хүнд үнэгүй орон сууц өгнө, бүх хүнийг үнэгүй сургуульд төлбөргүй хамруулна гэх мөрийн хөтөлбөр гаргасан. Нэг талаас харахад энэ нь халамжийн бодлого шиг ч нөгөө талаар коммунист үзэл болчхоод байна. Сүүлийн үед бүр фашист үзэлтэй болоод байгаа. Гишүүдийг үзэл бодол, нийгмийн гарал, шашин шүтлэгээр ялгаварлаж, хавчин гадуурхаж, хагаралдуулж, гүтгэх, биед нь халдах, дарамтлах, алах хядах, айлгах сүрдүүлэх ажиллагааг ил тод явуулж байна.
Тиймээс бид үзэл баримтлал, үйл ажиллагааны шинэчлэл хийх ёстой. МАХН 2011 онд Намын дүрэмтэй болсон. Уг дүрмээр намын хамгийн дээд байгууллага нь Их хурал, дараа нь Бага хурал, үүний араас Гүйцэтгэх товчоо, хамгийн сүүлд Намын дарга гэсэн дарааллаар ажиллахаар заасан. Гэтэл манайд эсрэгээрээ эргэчихсэн. Намын Их хурлыг бол хийх ч үгүй юм байна.
Хүмүүс гайхдаг. Яагаад намуудаас дандаа болохгүй хүмүүс гараад байна вэ гэж. Учир нь намууд хатуу гишүүнчлэлтэй. Өнөөдөр монголчуудын хэдэн хувь нь гишүүнчлэлд багтдаг вэ. Ингээд л ийм хатуу фанатаар сонгуульд орж ялаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, том гурван нам ингэж ялсаар байгаад бусад улстөрийн хүчин гарч ирэх боломжийг үгүй хийж байна.
Намын санхүүжилт гэж байна. Гэтэл улстөр гэдэг салбар чинь өөрөө маш үнэтэй, зардал ихтэй байна. Хэдийгээр зарим талд авлига гэж харагдаж байгаа ч санхүүжилт зайлшгүй байх ёстой.Гэхдээ ялгаа байх ёстой. Манай намд ч санхүүжилт ярьж байгаад Ерөнхий нарийн бичгийн дарга маань шоронд орсон тохиолдол бий. Тэгэхээр төрөөр дамжуулж намаа санхүүжүүлэхээс өөр гарц намуудад үлдээгүй болохоор ингэж улайрч, зүтгээд байна.
Хүмүүс яаж санхүүгээр намуудыг тэтгээд байдаг юм. Би дарга болно гээд мөнгө өгдөг үү, эсвэл танай намыг ялахаар дарга болно шүү гээд мөнгө өгөх үү. Энийг л ямар нэг аргаар ил гаргахгүй бол мөнгөтэй хүн намыг даргална. Өөр гарц үлдэхгүй. Тэгэхээр намын санхүүжилтийн 70-80 хувийг төр даах ёстой” гэлээ.
ХУУРМАГ АРДЧИЛЛЫН СҮҮДЭР
Улстөрийн том намуудын байр суурь ерөнхийдөө ийм байлаа. Харин хуралд оролцсон судлаачид ерөнхийдөө ЖИХ-ын гишүүн Т.Аюурсайханы гаргасан саналуудыг дэмжих байр суурьтай байсан.
Тодруулбал, өдгөө Монгол Улсын парламент, Засгийн газар маш тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжтой болсон. Учир нь 76 суудлын 65 нь нэг том намынх болсон. Гэтэл нидэр дээрээ бүр ч долоон дор болсон нь цэвэр улстөрийн намын дотоод асуудалтай холбоотой.
Судлаач н.Болд-Эрдэнийн хэлж буйгаар, Монголд хуурмаг ардчилал тогтсон. Бизнесийн бүлэглэлүүд намд том нөлөөтэй. Энэ нөлөө нь нийгмийн бүхий л салбарыг бүрэн эзэлсэн. Яагаад гэвэл төрийн алба гэх зүйл манайд үлдээгүй. Оронд нь намын түр зуурын алба үүсэж, эдгээр нь олигархуудын хувьд очсон аж.
Тэгвэл бизнесүүд яагаад нам руу зүтгэнэ вэ. Учир нь Монголын улстөр хууль бус эрх мэдлийн маш том зах зээл болж байгаа ба энэ зах зээл нь эрх мэдэл, албан тушаал.
Яг одоо Монголын татварын системийг хувь тэнцүүлэх зарчмаар бүрдүүлсэн байгаа. Энэ нь мөнөөх бүлэглэлүүдийн захиалга гэдгийг эрдэмтэд шууд хэлэх ажээ. Тэр ч бүү хэл, хараат бус байдлаараа тэргүүн эгнээнд байх ёстой Монголбанк өдгөө улстөрчдөөр дүүрч, төрийн бодлого, мөнгөний зарцуулалтыг намын хүслээр удирдаж байгаа гэсэн юм.
Эндээс харахад, улстөрийн намын шинэчлэл, намын удирдлагын шинэчлэл гэх сэдэв дан ганц тухайн намын асуудал биш. Бүх улсын чухаг сэдвүүдийн нэг болжээ. Намуудын архаг хууччуулын тухайд хатуухан хэлэхэд, шинэчлэлээс аль болох зугтаах сонирхолтой нь өнгөрсөн хугацаанд нотлогдсон. Тиймээс залуусыг арай зоримог хөдөлж, энэ бусармаг байдлаас салгах байх гэсэн найдлагаа эрдэмтэд илэрхийлэх ажээ.