Хөдөлгөөний эрчим ихтэй Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг шинэчлэх ажлыг энэ онд эхлүүлэх гэж байна. Ингэхдээ шинэлэг технологи ашиглан цемент бетон хучилтаар барих шийдэл байгаа ажээ. Зам, Тээврийн Хөгжлийн яамнаас Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг цемент бетон хучилтаар барьснаар ойролцоогоор 90 сая ам.долларын витумыг импортоор авах зардал дотооддоо үлдэх боломжтой гэж үзэж байгаа юм.
Ингэснээр замын чанар болон ашиглалтын хугацаа уртсах ач холбогдолтой бөгөөд зам засвар арчлалтын зардлыг ч хэмнэх боломжтой аж. Харин Цементийн бизнес эрхлэгчдийн холбоо үүнтэй санал нийлж, зах зээлд илүүдэл болно гэж тооцоолсон цементийг ашиглан багсарч хийдэг технологийг авто замын салбарт түлхүү ашиглавал эдийн засгийн хувьд өгөөжтэй, эдэлгээний хувьд ч бат бөх байх боломжтойг баталгаажуулж байна. Тухайлбал, Чойр-Сайншандын хүнд даацын автозамыг цемент бетон хучилттайгаар барьж байгуулжээ.
Хэдий тийм боловч цемент бетоноор барьсан зам нь техник, технологийн хувьд шинэлэг ч Сонсголонгийн замын жишээн дээр харахад хатаж бэхжих хугацаа харьцангуй урт учраас Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг барихад хурдан хатаах шийдлийг олох шаардлагатай байгаа талаар Монголын Авто замчдын Холбооноос онцолж байна. Улаанбаатар -Дархан чиглэлийн зам 1943-1974 оны хооронд баригдсан, 1998-2000 онд Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр 144 км замд ээлжит болон их засвар, 2014-2015 онд 25 км замд хэсэгчилсэн ээлжит засвар хийжээ.
Энэ онд хийхээр төлөвлөсөн шинэчлэлийн хүрээнд дөрвөн эгнээтэй тусгаарлах зурвас бүхий зам болгож өргөтгөх, 15 төмөр бетон гүүрийг шинэчлэх, явган хүний гүүрэн гарам барих, 52-ын даваа, Баруунтуруун, Хустай зэрэг есөн даваанд налууг багасгах, зарим км-т амралтын цэг байгуулах, Тахилтын давааны хэсэгт 1000 метр урт тунель барих зэрэг ажил хийхээр төлөвлөөд байгаа аж.