АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хурлын үеэр тус зөвлөлийн дарга Г.Баасан дараахь мэдээллийг өгөв.
-109 ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД АТГ-Т ХАРЬЯАЛАГДДАГ 1570 АЖИЛТАН АЖИЛЛАДАГ ЮМ БАЙНА-
Тэрбээр “АТГ-ын олон нийтийн зөвлөл есдүгээр сарын 25-нд байгуулагдсан. Үүнээс хойш АТГ-ын 2016,2017 оны батлагдсан төсөвтэй танилцаж, зарцуулалтад нь хяналт тавьсан. Туслах үйлчилгээний зардал гэгч зардал байдаг юм байна. Төрийн төв байгууллага болох 109 байгууллагад цалингийн 40 хувийн нэмэгдэл аваад тэнд байгаа ажилчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг хариуцдаг 1570 ажилтан байдгийг мэдлээ. Мөн 21 аймагт 300 мянган төгрөгөөр цалинждаг нийслэл, дүүрэг, яам, тамгын газар агентлагуудад 500 мянгаар цалинждаг Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүд гэж байдаг юм байна. Энэ хүмүүс яг ямар үр дүнтэй ажиллаж байгааг бид энэ сарын сүүлээр олон нийтэд дахиад мэдээлнэ.
-ЗАЛИЛАН, АВЛИГАЛ, ХУЛГАЙН ХЭРГЭЭР ЯЛЛУУЛЖ БАЙСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ АЖЛЫН БАЙРАНД НЬ ХАДГАЛААД БАЙГАА НЬ АНХААРАЛ ТАТАЖ БАЙНА-
Олон нийтийн зөвлөлд иргэдээс маш их өргөдөл гомдол ирж байна. Одоогоор 28 өргөдөл ирсэн байгаагаас хамгийн ноцтой нь Улаанбаатар төмөр замын эрх мэдэл бүхий албан тушаалд томилогдсон хүмүүс АТГ-аас ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн тодорхойлолт авахгүйгээр шууд томилогдсон юм байна. 2015 онд авлигын хэргээр ял авсан хүн тэнд Хяналт шалгалт, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байна. Мөн 80 сая төгрөгийн залилангийн гэмт хэргээр шүүхээс ял завшсан Зоригт гэж хүн Худалдан авах ажиллагааны газрын албаны даргаар томилогдсон байна.
Хулгайн хэргээр зургаан жилийн ял эдэлж байсан Оюунчимэг гэдэг хүн Хөдөлмөр харилцааны албаны дарга буюу АТГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилладаг юм байна. Энэ асуудлыг шийдэхийг хүссэн өргөдөл гомдол АТГ-т ирж байсан ч шийдэхгүй өдийг хүрчээ. Тиймээс манай Олон нийтийн зөвлөлд асуудал тавьсан. Бид энэ асуудлаар Улаанбаатар төмөр замд хандахад тэдгээр албан тушаалтнуудыг аравдугаар сарын 2-нд ажлаас халсан гэсэн албан бичиг ирүүлсэн.
Өчигдөр ажлаас халсан гүйцэтгэлийг шалгахаар очиход тухайн хүмүүсийг албан тушаал бууруулаад орлогч болгоод, ажлаас нь халаагүй байсан. Монголд чадвартай мэргэжилтэнүүд ажилгүй байхад яагаад заавал залилан, хулгай, авлигын хэргээр яллуулж байсан этгээдүүдийг албан тушаалд нь хадгалаад байгаа вэ гэдэг анхаарал татаж байна.
-ЗАМ ТЭЭВРИЙН ДЭД САЙД “ШИЛЭН” ЦОГОО ТӨМӨР ЗАМААС МАШИН УНАЖ, БЕНЗИНЭЭ ХИЙЛГЭДЭГ-
Мөн “шилэн” хочтой Зам тээврийн яамны дэд сайд Б.Цогтгэрэл Төмөр замаас машин унадаг, бензин тосоо хийлгэдэг, жолооч авч ажиллуулдаг юм байна. Энэ нь ашиг сонирхолын зөрчлийн тухайн хуулийн хоёр заалтыг ноцтой зөрчиж байгаа. Энэ байдлыг АТГ одоо хүртэл зогсоогоогүй байна.
Манай олон нийтийн зөвлөлөөс цаашид Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Дээд Шүүх, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Тусгай хяналтын хороо гээд яг АТГ-тай харилцаатай, авилгалын үр дүнг гаргаж байдаг байгууллагуудтай энэ сарын 16-наас уулзалт хийх саналуудаа хүргүүлсэн.
Энэ сарын 04-нд манай Олон нитийн зөвлөлийн утас улайстлаа дуугарч, хөдөлмөрчдөөс маш олон шүүмж хүлээж авлаа. Юу вэ гэвэл АТГ-т улс төрийн захиалгаар ажил явагдаад байгаа юм биш үү. Та нар энэ байдлыг хянаж чадаж байна уу гэж асууж байна. АТГ улс төрөөс ангид байна уу, хэнээс ч хараат бусаар ажиллаж чадаж байна уу гэдгийг бид хянах үүргээ хариуцлагатай гүйцэтгэх болно” гэв.
-УБТЗ ХНН-ИЙН ДАРГА Д.ЖИГЖИДНЯМАА ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАВШСАН УУ-
Үүнээс гадна УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа худалдан авах ажиллагаанаас тэрбум гаруй төгрөг зувчуулсан байж болзошгүй баримт АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлд ирсэн аж. Энэ тухай Олон нийтийн зөвлөлийн гишүүн Э.Бямбацэрэн хэлэхдээ “УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа 2017 оны хоёрдугаар сард зам засварын машин худалдаж авсан байна. Ингэхдээ гуравдагч орон буюу Английн компаниар зуучлагч хийлгэн, машиныг хоёр дахин өндөр өртгөөр худалдан авсан байж болзошгүй байна. Тухайн машин нь 60 сая рублийн үнэтэй гэдгийг үйлдвэрлэгч компани мэдэгдсэн. Энэ үнэ тухайн үеийн ханшаар бол сая ам.доллар хүрэхгүй. Гэтэл Английн компаниар дамжуулан нэг сая 770 мянган ам.доллараар энэ машиныг худалдан авчээ. Орос-Монголын хамтарсан УБТЗ ХНН-д ОХУ-ын үйлдвэрээс машин авахад зуучлагч шаардлагагүй. Өөрсдөө гэрээ хийгээд авах боломжтой энэ нөхцөлөөс Д.Жигжиднямаа 770 мянган ам.доллар буюу тэрбум гаруй төгрөгийг зувчуулсан байж болзошгүй хэмээн АТГ-т шалгуулахаар хандсан” гэдгээ мэдэгдэв.