“Улаанбаатар сити” цомын эзэн боллоо

843

Монголын Хөлбөмбөгийн Холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг “Холбооны цом”-ын аваргыг тодруулах сонирхолтой тоглолт өчигдөр боллоо. Аваргын төлөө “Хүрхрээ үндэсний лиг”-ийн “Улаанбаатар сити”, “Эф Си Улаанбаатар” багууд тоглосон юм.
Тоглолтын гоолын салхийг “Эф Си Улаанбаатар”-ын шилдэг хагас хамгаалагч О.Баяржаргал хагалсан бол хариу гоолыг ОХУ-ын легионер Артём Дробишев оруулж, тооны харьцааг тэнцүүлэв. Нэгдүгээр үеийн цаг дуусч шүүгч нэг минутыг сунгаж өргөхөд “Улаанбаатар сити”-ээс Ж.Сүндорж тоог 2:1 болгож баг нь эхний хагаст тэргүүллээ.

Өнгөрсөн жил “Холбооны цом”-ын хагас шигшээд “Хангарьд”-д хожигдож тэмцээнийг өндөрлүүлж байсан “Улаанбаатар сити” хоёрдугаар үед тэргүүллээ бататгаж, 2017 оны аваргууд боллоо. Шийдвэрлэх үед “Улаанбаатар сити”-ээс Ц.Түмэнжаргал /65’/, О.Мижиддорж /80’/ дахь минутад гоол оруулсан бол “Эф Си Улаанбаатар”-ын О.Баяржаргал 69’ дэх минутад дахин нэг гоолыг торгуулийн цохилтоос өөрийн нэр дээр бичүүлсэн.
Ийнхүү нийслэлээрээ овоглосон “Улаанбаатар сити” анх удаа “МХБХ-ны цом”-ын эзэд болж “Эф Си Улаанбаатар” мөнгөн медаль хүртэн, “Эрчим”, “Дэрэн” клубүүд удаах байруудад шалгарлаа.

Энэ жил “МХБХ-ны цом”-д “Хүрхрээ үндэсний лиг”, “Хүрхрээ нэгдүгээр лиг”, болон УАШТ-д оролцдог нийт 30 баг өрсөлдсөн нь урьд өмнө байгаагүй өндөр үзүүлэлт байв. Аваргын цомыг өргөсөн “Улаанбаатар сити” 12 сая, мөнгөн медалийн эзэд “Эф Си Улаанбаатар” 8 сая төгрөгөөр шагнуулаад зогсохгүй хагас шигшээд үлдсэн “Эрчим”, “Дэрэн” клубүүд 2.5 сая төгрөгийн эзэд болсон.Ийнхүү Монголын Хөлбөмбөгийн Холбоо 2017 оны талбайн улирлаа, цомын тэмцээний хаалтын хамтаар амжилттай хийлээ.