Ц.Нямдорж: Хамтарсан Засгийн газар 2015 оны дөрөвдүгээр сард ХХБ-нд 500 сая долларын үнэт цаасны баталгаа гаргаж өгсөн

576

254bd10ab9bf7baf154027dae4a6f6fdoriginal

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “25 дугаар суваг” телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Эрдэнэт” үйлдвэрийн Монголын талын 49 хувийн талаар байр сууриа илэрхийлсэн билээ. Тэрбээр “1998 онд “Эрдэнэт”-ийг хувьчлах дөхсөн. Тэр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувиар тохиролцож чадахгүй байсан. С.Зориг амь насаа алддаг чинь тэр битүү зодооны үед болсон. Тэр үед З.Энхболд Москвад явж байгаад Монголын Засгийн газрын нэг бичиг олсон. “Танайх 49 хувиа авбал бид тохиролцохгүй” гэсэн утгатай бичиг байсан. Тэр бичгийг З.Энхболд Н.Энхбаярт өгсөн. 1998 оны үйл явдал л даа. Н.Энхбаяр тэр үед сөрөг хүчний дарга байсан. Энд байхгүй бичиг хэрхэн явсан талаар шалгах ажлын хэсгийн ахлагч нь би байсан. Тэр үед Засгийн газар огцроод энэ асуудал дарагдсан. Одоо 18 жилийн дараа энэ асуудал дахиад энэ жил бужигнаж гарч ирж байна.
2014 онд Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсны дараагаас “Эрдэнэт”-ийн гэрээнд өөрчлөлт оруулах асуудал ороод эхэлсэн байдаг. 2013 онд Сингапурт болсон уулзалтын дараагаас асуудал яригдаж эхэлсэн бөгөөд 2014 онд ОХУ хувьцаа эзэмшигчээ солих санал ирүүлсээр 2015 оны 10 сарын 22-нд тэр гэрээ батлагдсан. Хамгийн сонин 2015 оны дөрөвдүгээр сард Худалдаа хөгжлийн банкинд 500 сая долларын үнэт цаасны баталгааг Засгийн газраас гаргаж өгсөн. Хамтарсан Засгийн газар байх үед л дээ. Мөн үүнийг “Монголиан коппер корпораци”-д зарна гэсэн. ҮАБЗ-д мэдэгдэхгүйгээр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг зарах асуудал байхгүй. Яагаад гэвэл, тэнд мэдэгдэхгүй хэлцэл хийчихээд ирвэл Засгийн газар нь зөвшөөрөөгүй гээд л унаж л таарна. Зургаадугаар сарын 27-нд Б.Болор тушаал гаргаад ТУЗ-ийн хурал хийлгүүлээд шинэ дүрэм батлаад зургаадугаар сарын 27-ны өдөр бүх юмыг цэгцэлчихсэн. Зургаадугаар сарын 28-нд Ч.Сайханбилэг “Сайн мэдээ дуулгаж байна” гэж олон нийтэд мэдэгдэл хийсэн.
29-нд Зандаахүүгийн Энхболд манай Засгийн газар маш сайн юм хийлээ гэж яг сонгуулийн санал өгч байхад хэлж байсан. Энэ асуудлыг манай намынхан мэдэж байсан ч надад хэлэхгүй байж болох магадлал бий. Би үүнийг үгүйсгэхгүй. Тийм учраас би “Эрдэнэт”-ийн асуудалд намын харьяалал, дарга цэргийн харьцаа гэж байхгүй гэж хэлээд байгаа юм. Худалдаа хөгжлийн банк удирдлагуудаар нь дамжуулаад үлдсэн 51 хувьд халдах боломжтой. ТУЗ-ийн даргад бүх эрх мэдэл шилжүүлсэн. Намайг 49 хувийг оросуудад өгөх гэж байна гээд бичиж байна. Бид одоо хойд айлтай яриа дууссан. Одоо монголчууд дотроо л учраа олох ёстой. Өөр ямар ч арга байхгүй. Нөгөө талд ашиггүй болоод өглөө гэдэг бол гэнэн хүүхдийн яриа. Том гүрнүүдэд геополитикийн сонирхол байгаа бол бизнесийн ашиг хамаагүй. Ашиггүй гээд гарсан бол зүгээр л биднийг хуурах гээд байгаа санаа юм.
“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой дахиад 40-өөд жилийн нөөц бий гэж өөрсдөө ярьж байна. Хэрэв ашиггүй л байсан юм бол 1998 онд зарчих нь яасан юм. Тэгэхээр энэ худлаа байгаа биз” хэмээсэн юм. Мөн тэрбээр “Эрдэнэт”-тэй холбоотой шахааны бизнесийн талаар “Би амьдралдаа “Эрдэнэт”-д кг элсэн чихэр шахаж үзээгүй. Шахааны бизнес хийдэг хүмүүс нь л юм ярьж байна. Надад энэ талаар ашиг сонирхол байхгүй. Харин Монголын гурван сая иргэн, миний үр ач нар олигархиар дамжсан этгээдүүдийн боол болохыг би хүсэхгүй байна. Энэ бол миний ашиг сонирхол” гэлээ.
““Эрдэнэт”-ийн 51 хувийн асуудлыг би тавьж байна. Б.Болор гэдэг хүн ганц өдөр бүгдийг бужигнуулж чадаж байхад Засгийн газар яахаараа гурван сар хаалга руу нь орж чадахгүй зогсож байна аа. Энэ ариун явдал уу. Би өөрийн намын Засгийн газраа шүүмжилж байна. Наймдугаар сарын 5-нд хурлаа хийгээд асуудлаа шийдчихсэн бол би ингээд өдөр бүр телевизэд шарагдаад сууж байх шаардлага байхгүй. Би асуудлаа хурдан шийд гэж тэдэнд олон удаа хэлсэн. Одоо Худалдаа хөгжлийн банк гэдэг олигархи бүлэглэлтэй сонгууль явагдсан жүжиг тоглодог энэ талд харьяалалтай хэсэг гарахаар нь чамайг Ерөнхий сайдаар тавиад нөгөө талд харьяалалтай хэсэг нь гарахаар намайг Ерөнхий сайдаар тавиад эцсийн дүндээ эзэн нэгтэй. Ийм л улс болох гээд байгаа байхгүй юу.
Засгийн газар мөнгө гаргаад “Эрдэнэт”-ийн 49 хувийг буцаагаад авах боломжтой. Энэ жилийн төлөөгүй татвар нь байна. Өмнө жил өгч болж байсан юмыг энэ жил яагаад чадахгүй байгаа юм. Намайг улс төржлөө гээд байна. Урд хэн байсан ч би улаанаараа үзэлцсээр дуусна. Замд нь намайг дуусгаж болно. Энэ чинь миний асуудал биш. Эх орны асуудал ярьж байна” хэмээн хатуухан мэдэгдээд амжсан юм.
Г.НАРАН