Монголбанк ипотекийн зээл хэрэгжүүлэхгүй

2119

Монголбанк ирэх оноос жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээл хэрэгжүүлэхгүй болжээ. Олон улсын валютын сантай тохирсон санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөрийн хүрээнд төв банкинаас хэрэгжүүлж байгаа ипотекийн найман хувийн зээлийг Засгийн газар луу шилжүүлэх ажиллагаа хийгдэх аж.  Энэ ажлыг ирэх онд хийх юм байна.

Эдийн засагчдын зүгээс төв банк тэрбум, тэрбум хөрөнгийг ипотекийн зээл нэрийн дор барилгын салбарыг  дэмжихэд зарцуулж,  байрны үнэ хөөрөгдөж байна гэж шүүмжилдэг. Харин төв банкнаас өгч байгаа мэдээллээр, өнгөрсөн онуудтай харьцуулахад Монголбанкны ипотекийн санхүүжилтэд зарцуулж байгаа хөрөнгийн хэмжээ буурчээ.  Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн сар бүр төлж байгаа зээл нь 16 тэрбум орчим төгрөг болдог аж. Түүнийг буцааж ипотекийн зээлийг санхүүжүүлэхэд зарцуулдаг. Шууд ипотекийн зээлийг зогсоох нь сөрөг үр дагавартай учраас зугуухнаар оролцоогоо багасгаж байгаа” гэж тайлбарлаж буй юм.

Иймээс ирэх жилээс жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг Засгийн газар хариуцахаар болж байна.