Монгол Улсын дараагийн Eрөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах санал хураалтад Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Ухнаагийн Хүрэлсүх 294 гишүүний 188 буюу 63.9 хувийн санал авлаа.
МАН-ын IX Бага хурал Тусгаар тогтнолын ордонд өчигдөр өдрийн 13.00 цагийн үeэс эхлэн хуралдаж, үүрийн 05.00 цагийн орчимд өндөрлөлөө. Хоёр удаа завсарлаж, нийт 17 орчим цаг үргэлжилсэн тус Бага хурлаар МАН-ын дарга М.Энхболдын улс төрийн илтгэл, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас оролцсон байдалд дүн шинжилгээ хийсэн Намын Хяналтын Ерөнхий хорооны дүн мэдээлэл, ирэх 11 дүгээр сарын 20, 21-нд хуралдах МАН-ын ээлжит Их Хурлын хэлэлцэх асуудал, төлөөлөгчдийн тоо, сонгох журмыг хэлэлцүүлж батлах, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг сонгох зэрэг асуудлыг хэлэлцсэн. Намын даргын илтгэл болон хэлэлцэж буй асуудлуудтай холбогдуулан нийт 50 орчим гишүүн үг хэлэх болсон нь хуралдааны хугацааг сунгах шалтгаан болсон.
Дашрамд дурдахад, 331 гишүүнтэй Бага хурал ирц муутай буюу 58 хувьтай эхэлж байсан нь хурлын төгсгөлд 88 гаруй хувьд хүрч нэмэгдсэн юм.
Бага хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн хамгийн чухал асуудал нь Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад МАН-аас нэр дэвшигчийг тодруулах байсан. Тус намын Удирдах зөвлөлийн хурлаас УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Шадар сайд У.Хүрэлсүх нарыг нэр дэвшүүлэхээр Бага хуралд оруулсан бөгөөд уг асуудлыг Бага хурал 00.00 цагийн үeэс хэлэлцэж эхлэв. Нэр дэвшигч тус бүрээр танилцуулга хийж, мөрийн хөтөлбөрөө танилцуулан, бага хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний эцэст санал хураалт явуулсан. Санал хураалтаар У.Хүрэлсүх МАН-ын бага хуралд оролцсон 294 гишүүний 63.9 хувь /188/, Ө.Энхтүвшин 34.4 хувь/101/, Н.Энхболд 1.7 /5/ хувийн санал авлаа. Ингээд Бага хурлын гишүүдийн олонхийн саналыг авсан У.Хүрэлсүх тус намын дүрмийн дагуу Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшихээр МАН-аас сонгогдлоо. Одоо нэр дэвшигчийг УИХ-д өргөн барьж, УИХ-ын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэнэ.