Л.Оюун-Эрдэнэ: Т.Чимгээд ял тулгасан бичлэгийг Засгийн газар ил болгоно

276

Т.Чимгээд ял тулгаж эрүүдэн шүүсэн байж болзошгүй дүрс бичлэгийг лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар нууцаас гаргаж олон нийтэд ил болгоно хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдээлэв. 

“Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ял эдэлж буй Т.Чимгээг эрүүдэн шүүж, хүний эрх зөрчсөн гэх дүгнэлтийг сонссон байна. Ингээд Засгийн газраас Т.Чимгээг зөвшөөрсөн тохиолдолд зарим нэг нууц мэдээлллийг олон нийтэд ил болгохоор санал нэгджээ. Улмаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ял эдэлж буй Т.Чимгээтэй биечлэн уулзсан юм. Үүний дараа хэвлэлийнхэнд дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, “Шүүхээр тогтоосон гэм, буруугийн асуудлыг ярих эрх байхгүй. Гэхдээ шүүн таслах ажиллагаанд хүний эрх зөрчсөн  эсэх асуудал нь Засгийн газрын харьяа байгууллагуудад хамааралтай. Тиймээс Т.Чимгээтэй уулзаж зарим зүйлийг тодрууллаа. Мөрдөн байцаалтад байгаа зарим нууц асуудлыг ярих боломжгүй ч өнгөрсөн хугацаанд ил болсон зарим зүйлийг эргэж ярих нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн” хэмээгээд, зарим нэмэлт мэдээллийг нууцаас гаргахаар болсон бөгөөд Т.Чимгээ үүнд татгалзах зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлж өгсөн хэмээн тайлбарлав.

С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт Т.Чимгээг 2015 оны наймдугаар сарын 31-нээс хойш таван жил, зургаан сар, долоо хоног хорьсон байна. Ерөнхий сайд энэ хугацаанд Т.Чимгээтэй холбоотой эрүүдэн шүүсэн гэх асуудлаар товч мэдээлэл өгөв. Тухайлбал, ял эдэлж байгаа хүн гар утас руу нь мессеж бичиж дарамталсан, гэрт нь хүний цогцос хаяж ээжийг нь айлгасан асуудал байсан. Мөн хууль, хяналтын байгууллагын нэр бүхий хүмүүс хувийн харилцаа үүсгэж уух зүйлд нь мансууруулах бодис олон удаагийн давтамжтай хийсэн, нүцгэн зургийг нь гэр бүлийнх нь хүн рүү явуулсан зэрэг асуудал үүссэн хэмээн тэмдэглэв.

Тэрбээр, “Ил болоогүй бичлэг нууцад бий. Эмэгтэй хүний нэр төртэй холбоотой асуудал. Т.Чимгээ өөрөө үүнийг ил болгох нь зүйтэй гэдгээ илэрхийллээ. Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар нууцаас гаргах асуудлыг хэлэлцэнэ. Мансууруулах бодисоор дамжуулж биеэ хянах чадваргүй байхад нь гарын хээ хүртэл авч ашигласан нөхцөл байдал мөрдөн шалгах явцад илэрсэн байж болзошгүй гэдэг асуудал яригдсан” хэмээв.

Мөн Т.Чимгээг нэг жил гаруй хугацаанд Төв аймгийн хорих ангид стандартын бус өрөөнд хорьсон. Ингэхдээ яллагдагчаар татагдсан байхад нь ял эдэлж буй хүнийг өрөөнд нь оруулж дарамтлуулсан асуудал өмнө нь яригдаж байсан. Энэ бол Монгол Улсын нэгдэн орсон Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийг зөрчсөн асуудал болно гэдгийг Ерөнхий сайд мэдээллийнхээ үеэр тэмдэглэв.

Т.Чимгээ өөрийн охин нь авто ослоор амиа алдсан асуудлыг шалгаж өгөхийг Ерөнхий сайдаас хүссэн байна. Энэ нь хэрэгт шалгагдаж байх үед учруулсан дарамтын нэг хэсэг байж магадгүй хэмээн хүсэлтдээ тэмдэглэжээ. Энэ асуудлаар ЦЕГ-т чиглэл өгч хэргийг сэргээн шалгах шаардлага үүсэж буйг Ерөнхий сайд мэдээллийнхээ үеэр тодотгов.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Шүүхийн гэм буруугийн асуудлыг гүйцэтгэх засаглал ярьж болохгүй. Гагцхүү шүүн талсах ажиллагаа шударга явагдсан эсэх, хүний эрх зөрчсөн эсэх асуудлыг эмэгтэйчүүдийн эрхийн өдрөөр хөндөж байна. Шинээр илэрсэн нөхцөл байдалтай холбогдуулан шүүхийн шийдвэрийг эргэн харах хуулийн заалттай. Шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашигласан нь тогтоогдвол хэргийг дахин шалгах үндэслэл байгаа. Эрүүдэн шүүсэнтэй холбоотой асуудал Төв аймгийн шүүх дээр очоод, давах болон дээд шүүхээс буцаж буйг бид харж байна. Тиймээс шүүх зарим хэрэгт удаан, зарим хэрэгт хурдан шийдвэр гаргадаг асуудлыг эргэж харах цаг нь болсон. Үүнийг Засгийн газар болон ҮАБЗ-ийн хурлаар ярих нь зүйтэй.

Б.Баасанцогт гэдэг хүнтэй холбоотой асуудал сүүлийн үед гарч ирсэн. Энэ хүнэй холбоотой асуудлаар хэлэхэд, шүүгч нартай архи уух, хувийн харилцаа үүсгэх асуудал байж болох ч харамсалтай нь, түүний компьютерт хэрэг төлөвлөсөн схем нотлох баримтаар гарч ирсэн. Үүн дотор С.Зоригийн амиа алдсан хэрэг, Т.Чимгээтэй холбоотой хэргийг удаашруулах зэрэг төлөвлөгөө байсан. Зарим хэргийг Б.Баасанцогт төлөвлөж, Х.Идэр нарын шүүгч, прокурорууд оролцдог. Жилийн өмнө хонгил нураах асуудлаар тэмцэж байсан. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудалд, адилхан хэрэг хийсэн хүмүүсийн тал нь гэм зэмгүй үлддэг зэрэг олон асуудлыг эргэн харах шаардлагатай болсон. Б.Баасанцогттой холбоотой асуудлыг ёс зүйн хувьд тавьж, шалгах ёстой гэдэг байр сууриа Засгийн газар ҮАБЗ-д тавина.

Мөн ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх шүүхийн хараат бус байдал, эрүүдэн шүүх асуудалд хөндлөнгөөс оролцсон байж болзошгүй гэсэн урьдчилсан нөхцөл байдал тогтоогдсон. Тиймээс А.Гансүхийг цаашид ҮАБЗ-д ажиллуулах ёс зүйн эрх байгаа эсэхийг хөндөнө. Цаашлаад шаардлагатай мэдээллийг УИХ-ын чуулганд танилцуулна” хэмээлээ.