НИТХ-ын ээлжит 11 дүгээр хуралдаан Хангарьд ордонд болж байна. Хуралдааны эхний асуудлаар НИТХ-ын дарга Ц.Сандуйг өөрийн хүсэлтээр чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн. НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг НИТХ-ын даргын хариуцлагатай ажлаа яагаад өгч байгааг асуухад Ц.Сандуй “Eрөнхийлөгчийн сонгуулиар нийслэлийн 9 дүүргийн 7-д МАН ялагдсан тул хариуцлагаа хүлээж, албан тушаалаа өгч байна” гэж тайлбарлалаа. Э.Бат-Үүл төлөөлөгчийн “2012-2016 он хүртэл үйл ажиллагаа нь жигдэрч, хотын бүхий л асуудлыг хариуцан шийдвэрлэж ирсэн НИТХ-ыг идэвхгүй болголоо. Хуралдаанаа ч хийхгүй байна. НИТХ-ын хуралдаан УИХ-ын чуулганаас илүү нийслэлийнхний анхаарлыг татдаг. Нийслэлийг Засаг дарга биш, НИТХ удирддаг. Хуралдаанаа хийхгүй цалгардуулж, ажил алдагдуулж байгаа нь ямар шалтгаантай вэ” гэсэн асуултад Хотын дарга С.Батболд “НИТХ хуралдаагүйгээс зогссон нэг ч төсөл хөтөлбөр байхгүй. Хотын ажил хэвийн үргэлжилж байгаа” гэсэн бол Ц.Сандуй “НИТХ урьд өмнөхөөсөө илүү идэвхтэй ажиллаж байгаа. Өмнө нь жилд 2-3 хуралддаг байсан бол энэ он гарсаар 11 удаа хуралдсан байна” гэж хариуллаа.
НИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөгчдөөс НИТХ-ын үйл ажиллагааг цалгардуулж, шийдвэрлэх шаардлагатай олон тулгамдсан асуудал байхад хуралдаанаа зарлахгүй явж ирснийг шүүмжлээд, нийслэлийн ажлыг улс төржүүлж, сандал суудлын төлөөх хагаралдааны талбар болгож байна хэмээж байв. НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга “МАН зарчимтай нам гэсэн мөртлөө сонгуульд ялагдсан хариуцлагыг яагаад НИТХ дарга хүлээж байгаа вэ. Ц.Сандуй ажлаа өгч байгаа шалтгаан бол, eрдөө 60 тэрбумын хэрэгтэй холбоотой гэж би бодож байгаа. Энэ асуудлаа эцэслэж шийдэхгүй бол цаашид ч танай нам энэ хэрэгтэй наалдаж явна” гэв.
Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон нийт 44 төлөөлөгчийн 36 нь дэмжсэнээр 81.82 хувийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд НИТХ хуралдах товыг тэргүүлэгчид тогтоох ёстой хэмээн тайлбарлав.
Үргэлжлүүлэн НИТХ-ын даргад нэр дэвшигчийг хэлэлцэж эхлэв. НИТХ-ын даргад НИТХ дахь МАН-ын бүлгээс төлөөлөгч Д.Баярсайханы нэрийг дэвшүүллээ. Харин заалнаас төлөөлөгч С.Амарсайханы нэрийг дэвшүүлэв. НИТХ-ын даргад нэр дэвшигчийг хэлэлцэх болсонтой холбогдуулан НИТХ дахь АН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авлаа.