Эрүүгийн хууль шинэчлэн батлагдаж хэрэгжиж эхлэсэнтэй холбогдуулан иргэний ялтай байдал гэж байхгүй болсон билээ.
Хууль зүйн сайдын тушаалаар “Мэдээллийн санд мэдээлэл цуглуулах, шалгах, шинжлэн үнэлэх, ашиглах шилжүүлэх, хүлээн авах, хуваарилах, үр дүнг тооцох, лавлагаа өгөх журам”-ыг гаргаад байгаа юм.
Журамд заасны дагуу цагдаагийн байгууллагаас иргэдэд олгодог байсан ял шийтгэлийн тодорхойлолтыг 2017.09.04-ний өдрөөс эхлэн олгохоо болих юм байна. Үүнтэй холбоотойгоор Элчин сайдын яамдуудад албан бичгүүдийг хүргүүлжээ.
Иймээс ажилд томилогдох, визанд орох гэх мэт цагдаагийн байгууллагын тодорхойлолтыг үндсэн шаардлагуудынхаа нэг болгож байсан үйл ажиллагаа үгүй болно.
“Мэдээллийн санд мэдээлэл цуглуулах, шалгах, шинжлэн үнэлэх, ашиглах шилжүүлэх, хүлээн авах, хуваарилах, үр дүнг тооцох, лавлагаа өгөх журам”-аас:
Цагдаагийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т заасан ял шийтгүүлсэн, 61.2.3 т заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, 61.1.4-т заасан эрүүгийн хэрэг, үйлдэл холбогдол нь хэрэгсэхгүй болж цагаатгагдсан, 61.1.5-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, 61.1.7-д заасан өршөөл уучлалд хамрагдсан хүмүүс, 61.1.20-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хуулийн этгээдийн талаар мэдээллийн сан үүсгэх, ашиглах, лавлагаа өгөхөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нарын хамтарсан тушаалаар батлагдсан журмыг баримтлана гэж заажээ.
Журмын 6.1 -д мэдээллийг цагдаагийн байгууллага, алба хаагчийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглах бөгөөд эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтан, олон улсын цагдаагийн байгууллагад тэдний хүсэлтийг үндэслэн холбогдох мэдээллийг өгч болно гэж заасан байна.
Эх сурвалж: ЦЕГ