2017 оны 8-р сарын 29-ны Мягмар гарагт Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол) нь 8-р сарын уулзалтаа Монгол Улсын Хөрөнгө Оруулагчдын Эрх Ашгийг Хамгаалах Зөвлөл (ХОЭАХЗ)-тэй Шангри-Ла зочид буудалд зохион байгууллаа. Уулзалтанд хүндэт илтгэгчээр УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, болон ХОЭАХЗ- ийн дарга Ж. Мөнхбат, АНУ-с Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт болон АмЧамын ТУЗ-ийн дарга Жеймс Лиотта нар оролцлоо.
Илтгэгчид Монгол Улсын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах орчны өнөөгийн нөхцөл байдлын тухай мөн ХОЭАХЗ-ийн чиг үүрэг, зорилго зорилтын тухай дэлгэрэнгүй ярилцсанаас гадна Монгол Улсыг олон улсын хөрөнгө оруулагчдын зорилтот зах зээл болгоход тулгарч буй бэрхшээл болон цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Энэхүү уулзалтанд АмЧам-ийн гишүүд болон бизнес эрхлэгчдээс гадна Ерөнхий сайдын ажлын алба, ЗГХЭГ, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн Яам, Гадаад харилцааны яам, ХОЭАХЗ болон Олон Улсын Санхүүгийн Корпорацийн удирдах албан тушаалтнууд оролцлоо.
Сайд Ж. Мөнхбат арга хэмжээний үеэр АНУ-Монгол Улсын харилцааг тодотгон хэлсэн үгэндээ “АНУ- тай стратегийн нийтлэг ашиг сонирхолд тулгуурласан иж бүрэн түншлэлийн хүрээнд бүхий л салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай Засгийн газрын тууштай бодлого юм. 2015 оны байдлаар Монгол Улсад АНУ-ын дагнасан болон хамтарсан хөрөнгө оруулалттай нийт 303 компани бүртгэлтэй байна” хэмээсэн юм.
Элчин сайд Галт мөн ХОЭАХЗ-ийн үйл ажиллагааны чухлыг онцлон тэмдэглэхдээ “Олон Улсын Санхүүгийн Корпораци, АмЧам Монгол, болон Монгол Улсын Засгийн газар маргааныг шийдвэрлэх илүү сайн механизмийг бий болгох найдвар төрүүлж буй хөрөнгө оруулалтыг хамгаалах зөвлөлийг байгуулахаар хамтран ажиллаж байгаад би талархалтай байна” гэсэн юм. АмЧамын ТУЗ-ийн дарга Жеймс Лиотта уулзалтыг хааж хэлсэн үгэндээ “АмЧам шийдвэр гаргагчид болон хувийн хэвшлийг холбож өнөөдөр шиг энэхүү уулзалтуудыг зохион байгуулж байгаадаа баяртай байна. Энэ уулзалтаар төр, хувийн хэвшил хоёр уулзаж, санал бодлоо дэлгэрэнгүй солилцсоноор цаашид Монгол Улсын бизнесийн орчинг илүү таатай, нээлттэй болгон хөгжүүлэхэд илүү дөхөм болно гэж найдаж байна” гэсэн юм.
АмЧамын Монголын тухай
АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.