Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын нийслэл Будапешт хотноо өчигдөр эхэлж манай тамирчид гараагаа тун сайн хийлээ. Тэмцээний салхийг хагалж, Монголын баг тамирчдаас М.Уранцэцэг, Г.Болдбаатар, Д.Амартүвшин нарын гурван гавьяат татамид гарч барилдсанаас хоёр гавьяат нь медалийн тавцанд зогсож, эх орныхоо төрийн далбааг харийн тэнгэрт мандууллаа. Тодруулбал, эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд зодоглосон Дэлхийн аварга, МУГТ Мөнхбатын Уранцэцэг мөнгөн медаль хүртэж, дэлхийн аваргын хос медальтай Монголын хамгийн анхны эмэгтэй жүдоч болсон бол эрэгтэйчүүдийн -60 кг-д хүч үзсэн дэлхийн аварга, МУГТ Ганбатын Болдбаатар хүрэл медаль хүртэж, мөн дэлхийн аваргын хос медальтан болж, Монгол түмнээ баярлууллаа. Мөн 48 кг-ын жинд Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг хүрэл медаль хүртсэн нь монголчуудын бахдалыг нэгээр нэмсэн юм. Тэрбээр ‘Рио 2016’ олимпоос хүртсэн хүрэл медалиа ийнхүү Дэлхийн аваргын хүрэлтэй ихэрлүүллээ.
60 кг-д хүч сорьсон дэлхийн аваргын мөнгөн медальт, Гавьяат тамирчин Д.Амартүвшин шөвгийн 16-д Казахстаны жүдоч Гусман Киргызбаевтай барилдаж, торгуулиар ялагдал хүлээснээр энэ жилийн ДАШТ-ийг өндөрлүүлсэн юм.