Өнгөрсөн долоо хоногт НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ц.Сандуйг огцруулах шаардлага бүхий бичгийг өнөөдөр НИТХ-д өргөн барисан билээ.
Бичгийг хүлээлгэн өгсөн НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар “МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдсан ч ямар нэг албан тушаалтанд хариуцлага тооцох талаар шийдвэр гаргаагүй. Бид НИТХ-ын дарга ёс зүйтэй байж чадаагүй гэж үзэж байна. Нөхцөл байдал ямар байгааг харж байгаа байх. Бид улс төрийн соёл, ёс зүйг шаардаж байна. НИТХ-ын дарга өөрөө улс төрийн соёл гаргаж, ажлаа өгөх хэрэгтэй гэж бодож байна” гэсэн юм.
Тэгвэл НИТХ дахь АН-ын бүлгийн 11 гишүүн мөн түүнийг огцруулахаар гарын үсгээ зуржээ. Хэрэв гарын үсэг зурсан НИТХ-ын төлөөлөгчдийн тоо 3-ны хоёрт хүрвэл ээлжит бус хуралдаан зарлаж хэлэлцдэг аж. Гэвч одоогоор энэ тоонд хүрэхгүй байгаа учир НИТХ-ын ээлжит чуулганаар энэ асуудлыг хэлэлцэхээр болсон байна. Тус хурлаар НИТХ-ын нийт төлөөлөгчдийн 50+1 санал дэмжсэн тохиолдолд Ц.Сандуйг огцруулах юм. НИТХ-ын хурал сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт хуралддаг дэгийн дагуу энэ сарын 31-нд хуралдах аж.