Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх, бэлэн байдлыг хангах тест хийх, зарим тоног төхөөрөмж, машин механизмыг худалдаж авахад нийт 35 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатайг холбогдох мэргэжлийн байгууллагууд хийжээ. Тус буудлыг ашиглалтад оруулахад удааширч байгаа зарим ажлыг шуурхайлах, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдэх зорилгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон Зам, тээвэр хөгжлийн яамны удирдлагууд энэ сарын 8-ны өдөр газар дээр нь ажилласан тухайгаа Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Хуралдаанаас Олон улсын нисэх буудлыг ашиглалтад оруулахад шаардлагатай хөрөнгө оруулалтын Монголын талын эзэмших хувьд ногдох санхүүжилтийг 2018 оны улсын төсөвт суулгах талаар судалж шийдвэрлэхийг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулахад дараахь арга хэмжээг авна
Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын 20 мянган айл өрхийг өндөр чадал бүхий цахилгаан халаах, нийслэлд одоо ажиллаж буй халаалтын 71 зуухыг буулгаж хэрэглэгчдийг нь төвлөрсөн дулаан хангамжид холбоход шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Эрчим хүчний сайд П.Ганхүү нарт даалгалаа.
20 мянган айл өрхийг 4,0 кВт чадалтай цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлэх, хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг хангахад шаардлагатай тооцоо судалгааг хийсэн байна. Үүнд агаарын чанарын нэгдүгээр бүсэд байрлах Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нийт 23 хорооны 20 гаруй мянган айл өрх хамрагдана.
Нийслэлд одоо ажиллаж буй 71 халаалтын зуухыг буулгаж, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбохоор зураг төслийг хийгээд байна.
Гэр хорооллын хүчдэлийн уналттай болон шинэ суурьшлын бүсийн гэр хорооллын айл өрхийг цахилгаан хангамжаар хангах 42 багц ажлын хүрээнд Улаанбаатар хотын зургаан дүүргийн 63 дэд станцыг шинээр барьж суурилуулах ажлыг 11,74 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн байна. Уг төслөөр нийт 6373 шинэ хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчинд холбожээ.