Ц.Нямдорж: Би шулуухан хэлчихье, 60 тэрбумтай холбоотой яриа бол эвлүүлэг биш

386

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, энэхүү хурал дээр Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн, хариуцлагын тухай асуудал яригдан, ширүүхэн маргаан үүссэн гэдэг мэдээлэл бий. Энэ хурлыг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж орхиж гарсан. Тэрээр намаа шинэчлэх, ялагдсан намын даргаас эхлээд сонгуульд ялагдахад нөлөө үзүүлсэн Ц.Сандуй тэргүүтнэй нэр бүхий хүмүүстэй хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаа юм. Энэ талаар 25-р суваг телевизийн сэтгүүлчид дэлгэрэнгүй яриа өгчээ. Энэхүү яриаг Та бүхэнд бүрэн эрхээр нь хүргэж байна.

-Ингэж ярьсных нь төлөө Ц.Сандуйг намаас хөөх хэрэгтэй- 

-Өчигдөр танай намын УЗ-ийн хурал болсон. Энэ хурал дээр зарим асуудалтай байр суурь нэгдээгүй учраас та хурлыг орхиж гарсан. Асуудал шийдэлд хүрч чадах уу? 

-Удирдах зөвлөлийн хурал болсон. “Хурлаа хийгээч. Асуудлаа ярья”  гэдэг саналыг би намын удирдлагуудад тавьсан юм.  Ерөнхийдөө Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр хэн нэг нь хариуцлагын асуудал бараг байхгүй юм шиг зүйл ярихаар нь  би хурлыг хаяж гарсан. Намаа цэгцлэх учиртай.  Намыг удирдаж байгаа хүмүүс нь энэ асуудалд хойрго хандаад, хариуцлага ярих ёстой хүмүүсийг өмөөрч, хаацайлаад, зарим нь хариуцлагаас бултаж байгаа. Шадар сайд нь “Намайг тагналаа л гэнэ, нөгөөх нь “Үгүй” л гэнэ. Нэг нь тагнуулд өргөдөл өгөөд, нөгөөдөх нь цагдаад гомдол мэдүүлээд явж байдаг. Энэ ертөнцийн түүхэнд ийм зүйл болж байгаагүй шүү дээ. Замбараагүй байна л даа. Тиймээс хурлыг хаяж гарсан.

-Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээхэд 60 тэрбумын бичлэг голлох нөлөө үзүүлсэн гэдэг байр суурьтай байгаа. Таныг энэ бичлэгтэй нэр холбогдсон хүмүүст хариуцлага тооцох саналтай байгаа гэж ойлголоо?

-Энэ 60 тэрбумын асуудал өнгөрсөн жил УИХ-ын сонгуулийн үеэр л анх гарч ирсэн эд л дээ. Энэ бичлэг гарч ирсний дараа  манай намынхан юу ч ярьж чадахгүй комонд орсон.  Бт юу ч ярьж чадахгүй гурав хоносон. Би тэр үед М.Энхболдын өрөөнд  ороод “Сандуйгаа яг одоо зайлуул. Ийм алхам хийхээс өөр ямар ч арга байхгүй” гэдэг шаардлага тавьсан юм.  Яг ийм яриа болж байхад Ц. Сандуй М.Энхболдын өрөөнд орж ирсэн. Би Ц.Сандуйгийн нүүрэн дээр нь  “Чи одоо яв” гэж хэлсэн. Явсан ч үгүй. Явуулсан ч үгүй. Сонгуулийн дараа олон суудал авсан учраас  Ц.Сандуйг  Хурлын дарга болгоод өнгөрсөн. Сая Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр дахиад л энэ 60 тэрбумын асуудал сэдэрч  гарч ирлээ. Ард түмэн дургүйцэж байгааг хүн болгон л   мэдэж байгаа. Би Ц.Сандуйд “Чи өргөдлөө өг” гэж өчигдөр хэлсэн. Урдаас  “Эвлүүлэг байсан” гэдэг тайлбар л өгч байна билээ.  Энэ 60 тэрбумтай холбоотой яриа бол эвлүүлэг биш. Би шулуухан хэлчихье. Эвлүүлэг биш шүү. Тэр  А.Ганбаатар гэгч ярьсан уу, ярьсан. Ц.Сандуй гэдэг хүн ярьсан зүйлийг нь  дэмжсэн үү, дэмжсэн.Дэмжснийхээ дараа М.Энхболд дээр орж энийгээ танилцуулсан. А.Ганбаатар, Ц.Сандуй, М.Энхболд гэсэн гурван хүний л асуудал байгаа ш дээ.Энэ бол эвлүүлэг биш. Эвлүүлэг гэдэг чинь Нямдоржийн хоолойг  Чапи дуурайгаад бичлэг хийхийг   хэлдэг болохоос биш М.Энхболд, Ц.Сандуй хоёрын ярьчихсан зүйлийг яаж эвлүүлэг гэж нэрлэдэг юм бэ? Одоо болно. Ийм юм ярьсан нь үнэн.  Ярьсан мөнгөө авсан эсэхийг би мэдэхгүй. Гэхдээ зүгээр л ийм зүйл ярьсныхаа төлөө энэ хүмүүс зайлах ёстой. Улс төрийн наад захын асуудал шүү дээ. Бүр  УИХ-ын тамгын газрын даргыг томилохдоо хүртэл мөнгө авна гэсэн утгатай зүйл ярьсан байна лээ. Би эдний энэ яриа, бичлэгийг тоодоггүй байсан юм. Сая бүрэн бичлэг нь гээд гараад ирэхээр үзсэн. Бүр огиудас цутгамаар юм ярьсан байна лээ. Тэр Ганбаатар гэдэг нь галзуу ч юм уу, согтуу ч юм уу… Ямар хаашаа этгээд вэ? Ийм хүмүүстэй л хариуцлага тооцох ёстой шүү дээ.

-Та бол УИХ-ын дэд дарга. Танаас бас хандив авахаар тооцоолсон байх л даа. Нөгөө талдаа намдаа мөнгө өгдөггүй хүмүүсийг халиарууд гээд нэрлэчихсэн байх юм? 

-Тэр Ганбаатар гэдэг хүний ярьж байгаа зүйл бол үнэн цадиггүй. Тийм хариуцлагагүй хүмүүстэй хариуцлага тооцох гэхээр Удирдах зөвлөл дахиад  л “Эвлүүлэг байсан” гээд бултах гэж оролдож байгаа. Миний дургүй хүрээд “ Одоо болноо. Зогс. Би энэ асуудлаар ярина. Цаашдаа ч ярина. Энэ эвлүүлэг биш. Та нарын ярьсан яриа мөнөөс мөн” гэж хэлээд л гарсан.

-Нарийн зохион байгуулалттай тагнах, чагнах ажил хийж байгаа- 

-Та хууль хяналтын байгууллагад олон жил ажилласан хүн. Сүүлийн үед тагнах чагнах асуудал маш их яригдаж байна. У.Хүрэлсүх сайдыг тагнасан, чагнасан. Тагнуулын бичлэг алдагдсан гэсэн утгатай мэдээлэл маш их гарч байна. Энэ талаар та ямар бодолтой байгаа вэ? 

-Ер нь сүүлийн жилүүдэд, Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үед манай хууль хяналтын байгууллага алиагаа алдсан ш дээ. Би НАХ яам гэж байхад тэнд 10 жил прокурор хийсэн хүн. НАХЯ гэж байхад ийм байгаагүй юм шүү. Сүүлийн жилүүдэд НАХЯ-наас долоон дор хуулийн байгууллагатай болж байна. Тэр Баатар, Хүрэлсүх хоёрын хооронд яалт ч үгүй тийм яриа болсон юм билээ. Энийг арай эвлүүлэг гэж шогтохгүй байлгүй. Энэ жичдээ асуудал.  Энэ яриаг яаж бичиж авав гэдэг өөрөө тусдаа асуудал. Ийм яриа бичиж байна гэдэг чинь тусгай албаны л хийдэг асуудал. Өөр хэн хийдэг юм бэ? Хууль бусаар бусдыг тагнаж чагнаж байна гэдэг асуудлыг би хэд, хэдэн удаа ярьж байна. Энэ чинь хатуу хуультай,  огт болдоггүй асуудал. Манай тагнуулын байгууллага чинь зөвхөн гадаад тагнуул хийдэг газар. Гэтэл сүүлийн үед улс төржиж тагнуул хийдэг болчихлоо. Сүүлд У.Хүрэлсүхтэй холбоотой Батболдын бичлэг гэж гараад бужигнаад байсан. Би тэр үед “Энэ одоо юу болоод байна?” гэж ажиглаад л байсан. Би аль аль талынх нь үйлдлүүдийг хараад байсан. Аль нэг талд нь итгэхэд хэцүү байсан. Тэгсэн чинь У.Хүрэлсүхийн албаныхан “Тагнаж чагнаж байгаа асуудлыг шалгахгүй байна” гэж мэдэгдэл хийнгүүт маргааш нь баривчилгаа хийсэн. Өчигдөр намын Удирдах зөвлөлийн хурал хийх өглөө Баатар, У.Хүрэлсүх хоёрын яриаг zaluu.com гэдэг сайт дээр тавьж байгаа юм даа. Энэ zaluu.com гэдэг сайт манай Удирдах зөвлөлийн гишүүний өмчлөлийн сайт шүү дээ. Тэр бичлэг хийгдээд, Удирдах зөвлөлийн хурлын өглөө удирдах зөвлөлийн гишүүний сайт дээр гаргаж байна гэдэг чинь нарийн зохион байгууллаттай асуудал байгаа биз дээ.

-Тагнуулын байгууллага Ерөнхий сайдын харьяанд ажиллдаг. Тиймээс одоогийн Ерөнхий сайдыг энэ асуудалд хардаад байх шиг байна л даа? 

-Нэг нь байж магадгүй гээд, нөгөөдөх нь би биш гээд л явж байгаа. Зүгээр үүнтэй холбоод нэг зүйл хэлэхэд нэг засгийн газарт ажиллаж байгаа хоёр хүн өөрсдөө ийм зүйл ярьж байна гэдэг л хариуцлага яих асуудал. Энэ бол аймшигтай. Энэ ертөнцийн түүхэнд байгаагүй асуудал. Нэг засгийн газрын нэг, хоёрдугаар хүн ийм байдалд орно гэдэг асуудал. Одоо тэгээд өчигдөрөөс У.Хүрэлсүхийг урвагчаар нь дуудаад алиаг нь алдагдуулж байна л даа. Тэр монгол наадамд монгол морь уралдуулах ёстой гэж хэлсэн. Тэрнээс болж М.Энхболд унасан гээд л яриад байна. У.Хүрэлсүх Монгол наадам ярихаас өмнө М.Энхболд хотод 100 мянган саналаар ялагдсан. Дараагийн хоёр дахь удаагийн санал хураалтаар дахиад  100 мянгаар ялагдсан. Тэгэхээр тэр У.Хүрэлсүхийн Монгол морь гэдэг яриа сонгуульд нөлөөлсөн нь худлаа. За.

-Энэ нам цэгцрэхийн тулд жижиг бүлэглэлүүдийг байранд нь тавих цаг болсон- 


-Сонгуульд ялагдсан. Ц.Сандуйгаас гадна намын дарга бас хариуцлага хүлээх ёстой гэж та үзэж байна уу?

-Хүлээж л таараа шүү дээ. Нэр дэвшсэн биз дээ. Ялагдсан биз дээ. “Би хариуцлага хүлээнээ. Уучлаарай” гээд намын гишүүд, дэмжигчдээсээ уучлалт гуйчихаж болноо доо. Өнөөдрийг хүртэл тийм зүйл байхгүй байна. Өчигдөр би УЗ-ийн хурал дээр М.Энхболд ийм уучлалт гуйх байх гэж бодож байсан. Хоёр шатны сонгуульд өчнөөн олон хүний хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцуулсан.  Үүнийг бүгд мэдэж байгаа. “Уучлаарай. Та бүхний итгэлийг хүлээж чадсангүй” гэж хэлэх байх гэтэл Ц.Сандуйгаа хамгаалаад өнгөрч байна. Болохгүй биз дээ.

-Намын бага хурал болж, намын Их хурлыг зарлаж, шинэ намын даргыг сонгох асуудал яригдаж байна? 

-Намын даргаа өгнө гэж М.Энхболд  хэлсэн гэдэг мэдээлэл интернетээр тарсан л байна лээ. Гэхдээ намын даргаа яаж сонгох юм. Энэ байдлаасаа нам  гарч чадах юм уу үгүй юу гээд олон асуудал байна. Ирэх 2020 онд энэ нам ямар хүнээр удирдуулж сонгуульд орох вэ гэдэг асуудлыг л өнөөдөр яриад байгаа юм. Гэтэл зарим хүн залгамжлагчаа тодруулах гээд байна шүү дээ. Энэ явахгүй. Явахгүй гэдэг нь саяын сонгуулиар харагдчихлаа.

-Та залгамжлагч гэж Ерөнхий сайдыг хэлээд байна уу? 

-Тэгсэн ч яадгийн. Гэхдээ хүмүүс өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй. Би чадах уу? Үгүй юу гэдгээ бодох хэрэгтэй ш дээ. Тэр ч бүү хэл нэр дэвшигчийг буруу тодруулсан МАН-ын Удирдах зөвлөл, Намын Бага хурал бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох хэрэгтэй. Одоо энэ Удирдах зөвлөл, Бага хурлаас юу ч хүлээх хэрэггүй. Ард түмэн хотод 100 мянган саналаар ялагдсан намынхаа даргыг солих хэрэгтэй л гэсэн дүн тавиад байна шүү дээ. Өргөдлөө өгөөд явчих гэхээр зууралдаад хэвтээд байна шүү дээ. Тэгэхээр би юм ярихаас өөр яадгийн. Би жишээ нь энэ сонгуулиар Н.Багабандитай хамт М.Энхболдыг дагаж баруун таван аймгаар явсан.  Би үхэн хатан явсан. Баруун таван аймагт 27 мянган саналаар ялж байж Ганбаатарыг нь арай ядан унагаж, дараагийн шатанд орсон. Би эсрэг ажиллаагүй байгаа биз. Би эсрэг ажиллаагүй. Одоо сонгуульд ялагдсан М.Энхболд уучлалт гуйх хэрэгтэй ш дээ. Н.Энхбаяр сонгуульд ялагдчихаад жилийн дараа “Би ялагдаагүй, нам миний эсрэг ажилласан” гэж бухаж байсан. Өнөөдөр юу болж байна гэхээр сонгууль өнгөрөөд сар болоогүй байхад “Би биш, манай намынхан миний эсрэг ажилласан” гэж нөхдөө бухаж байна шүү дээ. Жишээ нь Хүрэлсүхийг… Тэр Баатартай яриа л биз. Сүртэй ш дээ. Эд нар угаасаа Ц.Элбэгдоржийн үгээр явсаар байгаад л хана мөргөж унаж байгаа ш дээ.

-Намын дарга солигдсон, солигдоогүй намын дарга Ерөнхий сайд болох ёстой гэж та үзэж байна уу?

-М.Энхболдыг өөрөө Ерөнхий сайдаа хий гэж Энхтүвшин, мань мэтүүд нь  зөндөө л гуйсан шүү дээ. Би ер нь нэг зүйл бодоод байгаа юм.  УИХ-ын сонгуульд нэр дэвшээд нам толгойлж яваа хүнээс “Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй. Би дөрвөн жил Засгийн газар толгойлно. Ерөнхийлөгчийн сонгуульд орохгүй. Дараагийн сонгуульд, дөрвөн жилийнхээ ажлын үр дүнгээр та нартай уулзана” гэж бүүр үгийг нь авах ёстой юм байна. Ингэж амыг нь авахгүй бол болохгүй юм байна. Ерөнхий сайд, намын даргын суудлыг Ерөнхийлөгчийн суудалд хүрэх гишгүүр болгон ашиглаж, түүнийгээ өшиглөж хаячихаад,  өөрийнхөө үгнээс гардаггүй хүнийг Ерөнхий сайд, намын даргаар тавьчихаад бүгдийг удирдах санаа их байна. Энэ бүтэхгүй.

-Намын Бага хурлаар Намын даргын асуудал хөндөгдвөл одоогийн Ерөнхий сайдыг шууд томилох сонирхол байгаа гэж ойлгож болох уу? 

-Ийм сонирхол байгаа учраас л наад бүх балиар юм чинь явж байна шүү дээ.  Мөн үү? Тиймээс би л лав энэ намыг цэгцтэй болгохын төлөө явна шүү дээ. Одоо болноо. Би эднийг дэмждгээ дэмжсэн, тэвчдгээ тэвчсэн… Энэ  нам дотор бугшсан жижиг бүлэглэлүүд байна. Эд нарыг байх ёстой газар дээр нь тавих ёстой. Зарим нэгийг нь хөөх ёстой. Жишээ нь 60  тэрбумыг ярьсан Ц.Сандуйг хөөх ёстой. Энэ намд байлгаж болохгүй.

-Нэг нам, нэг засагт байгаа нэг хоёрдугаар хүн толхилцоод эхэллээ. Одоогийн Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурж байгаа мэдээлэл байна? 

-Тийм сураг дуулдаад л байгаа. Наадах чинь зөөлөн аргаар зөв зохицуулж чадахгүй бол дахиад л Ц.Сандуйгийн юм явна шүү дээ.Ц.Сандуй өчигдөр огцрох  бичгээ өөрөө өгчихсөн бол өнөөдөр түүнийг огцруулах бичиг барихгүй л байсан биз дээ? Тэгэхээр наана чинь асуудал байгаа. Тиймээс энэ нам цэгцрэх ёстой. Яг энэ маягаараа нозоороод, новширсоор  байвал 2020 онд сонгуульд энэ чигээрээ ороод бүгдээрээ ялагдаж, гудамжинд гарцгаана. Хоёр л зам байна шүү дээ.

-АН Н.Алтанхуягийн Засгийн газраа унагаж,  алдаа хийсэн. Өнөөдөр Ж.Эрдэнэбатыг огцруулбал АН-ын энэ алдааг давтана гэж болгоомжлох хүмүүс ч цөөнгүй байх шиг байна? 

-Хм. Тэрнээс айгаад суугаад бай л даа. Харсаар байгаад  гурван жилийг алдах юм уу? Өөрсдөө л шийдэх асуудал шүү дээ. УИХ-ын 65 гишүүн доривтой шийдвэр гаргах хэрэгтэй. Энэ Удирдах зөвлөлөөс горьдох юм байхгүй.

-УИХ-д 65 суудалтай олонхийн бүлэг Засгийн газраа тогтвортой ажиллуулах хэрэгтэй юм биш үү?

-Заа даа… Би бол Засгийн газар тогтвортой байх ёстой гэж хамгаалдаг л хүмүүсийн нэг л дээ. Гэхдээ сонгуульд ийм үр дүн гаргасан Засгийн газартай чинь юм ярьж болно биз дээ. Тэгээд Ерөнхий сайд, Шадар сайд хоёрынх нь байж байгаа царайг хар. Ийм байж болох уу? Энэ чинь Монголын төр, Монгол Улсын Засгийн газар шүү дээ. Яагаад нэг танхимд зэрэгцээд сууж байгаа  Шадар сайдтайгаа Ерөнхий сайд эв зүйгээ олж чаддаггүй юм бэ? Удирдаж чадахгүй байна л гэсэн үг шүү дээ…

Эх сурвалж:25-р суваг телевиз
Сэтгүүлч. О.Мөнхтуул

Эх сурвалж: www.info.mn