Өнөөдрөөс дараах уулзваруудаар зүүн гар тийш эргэхгүй

680

Өнөөдрөөс эхлэн нийслэлийн төв зам буюу баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл зүүн гар тийш эргэхгүй. Учир нь нийслэлийн төв зам буюу баруун 4 замаас зүүн 4 замын хооронд оргил цагт хөдөлгөөний нягтрал их болж, гол замын хөдөлгөөн уулзваруудын хооронд түгжирч, босоо замд нөлөөлдөг байна. Замын хөдөлгөөний зохицуулалтыг энгийн богино хугацаатай болгохын тулд  өнөөдрөөс эхлэн гол замаас зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарлаж, туслах зам руу шилжүүлэхээр болсон юм. Ингэснээр гэрлэн дохио богино үеэр ажиллаж, гол болон туслах замын хөдөлгөөнийг ашигтайгаар нэвтрүүлэх аж.

Тодруулбал, Баруун 4 замаас зүүн 4 зам хүртлэх зайд зүүн гар тийш эргэхэд гэрлэн дохионы нэмэлт сум асахгүй юм. Зүүн гар тийш эргэх хөдөлгөөн Д.Самбуугийн гудамж, Сөүлийн гудамж болон бусад туслах замыг сонгон оролцох боломжтой аж.

Мөн Энхтайвны өргөн чөлөөний авто замын хөдөлгөөний зүүн гар тийш эргэхийг хориглохтой холбоотой зарим гудамжид замын чиглэл маршрутын өөрчлөлт орж байгаа юм байна. Жишээлбэл, Бөмбөгөрийн уулзвараас Чоймболын гудамж өнөөдрийн байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замыг сөрөг хөдөлгөөнтэй болгож байгаа аж. Мөн нэгдүгээр сургуулийн баруун талын зам сөрөг хөдөлгөөнтэй болж байгаа юм байна.

Энхтайваны өргөн чөлөө Партизаны гудамжны уулзвар баруун талаас ирж байгаа зүүн гар тийш эргэх автомашин нэг дохионы хугацаанд 7-9 автомашин байдаг ба зүүн талаас ирж байгаа хөдөлгөөн гурван эгнээнээс гарч хоёр эгнээнд орох гэж хүндрэлтэй байдаг. Баруун талын зүүн гар тийш Партизаны гудамж руу эргэх хөдөлгөөн уулзвараар чигээрээ гарч эхний байр луу баруун эргэж Чоймболын гудамж руу орж, доош чигээрээ Партизаны гудамж руу орно. Ингэснээр гэрлэн дохио 2 үетэй болж, нэвтрүүлэх чадвар 21 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 46 хувиар буурна.

Цэцэг төвийн уулзвар өндөр ачаалалтай, уулзвар баруун талаас ирсэн зүүн гар тийш эргэх хөдөлгөөн Ханддоржийн гудамж руу бууж, Сөүлийн гудамж, 1-р сургуулийн гудамжаар (урдаас хойш нэг чигийн) эргэх боломжтой. Гэрлэн дохио 3 үетэй болж, нэвтрүүлэх чадвар 39 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 64 хувиар буурна.

Төв шуудангийн уулзварт баруун талаас ирж зүүн гар тийш эргэх хөдөлгөөн нэг дохионы хугацаанд 4-5 автомашин байдаг аж. Уг уулзвараар чигээрээ гарч баруун эргэж зурагт үзүүлсэнээр эргэх боломжтой. Зүүн талаас ирж байгаа хөдөлгөөн Чингисийн өргөн чөлөө рүү зүүн гар тийш эргэж болно. Нэвтрүүлэх чадвар 28 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 43 хувиар буурна.

Гадаад хэргийн яамны уулзвар баруун болон зүүн талаас зүүн гар тийш эргэх хөдөлгөөн байхгүй болно. Гэрлэн дохио 3 үетэй болж, нэвтрүүлэх чадвар 37 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 41 хувиар буурна.

Багшийн дээдийн уулзвараар зүүн гар тийш эргэх хөдөлгөөн 1-р эмнэлэг чиглэл рүү орж баруун эргэн, Олимпийн уулзвараар чигээрээ дээш явж болно. Гэрлэн дохио 2 үетэй болж, нэвтрүүлэх чадвар 26 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 34 хувиар буурна.

Бөхийн өргөөний уулзвар зүүн гар тийш эргэх хөдөлгөөн уулзварын өмнө баруун эргэж Бөхийн өргөөний урдаас хойшоо явах боломжтой. Гэрлэн дохио 3 үетэй болж, нэвтрүүлэх чадвар 34 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 30 хувиар буурна гэсэн судалгаа гаргажээ

Зүүн 4 замын уулзварт баруун талаас ирсэн хөдөлгөөн уулзвараар чигээрээ гарч буцаж эргэн хойшоо явах боломжтой. Гэрлэн дохио 3 үетэй болж, нэвтрүүлэх чадвар 34 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 38 хувиар буурна.

Үүнтэй холбогдуулан, өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээний 7 чиглэлд өөрчлөлт орох юм байна. Үүнд:

Ч:7 “Нисэх-Төв номын сан-7 буудал-Зунжин”
Ч:28 “Сэлх-7 буудал-Цэцэг төв”
Ч:30б “Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-Цэцэг төв-МУБИС”
Ч:34 “Шархад-Сансар-Ард кино театр-ТЭЦ3”
Ч:53 “Яармаг-Цэцэг төв-МУБИС”
Ч:55 “Зайсан-Дэнжийн мянга-Зам гүүрийн авто бааз-Согоотын гудамж”
Ч:63 “Хан хиллс-Ривер гарден-Баянмонгол хороолол-Цэцэг төв-МУБИС”