Э.Бат-Үүл: МАН эрх мэдлийг хүч түрэн авах ажиллагаа явуулсаар байна

681

Өнгөрсөн баасан гарагт Баянзүрх дүүрэгт болсон үйл явдалтай холбогдуулан Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн аравдугаар сард болсон орон нутгийн сонгуулиар Баянзүрх дүүргийн АН 22, МАН 19 суудал авсан. Ардчилсан намын зургаан нэр дэвшигч хууль зөрчсөн хэмээн МАН-аас үзэж, БЗД-ийн Засаг даргыг томилсон.

Энэ талаар тэрбээр “Захиргааны бүх шатны шүүх аль аль нь шалгаж үзээд зургаан нэр дэвшигч Сонгуулийн тухай хууль зөрчсөн явдал байхгүй гэдгийг тогтоосон. Шүүхийн шийдвэр гарсны дараа БЗД-ийн Сонгуулийн хэсгийн хороо зургаан нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас гаргасан тогтоолоо хүчингүй болгосон. Гэвч төд удалгүй нэг хоногийн дараа өөр шалтаг гаргаж, эдгээр хүмүүсийн нэрсийг жагсаалтаас хасах тухай дахин тогтоол гаргасан. Энэ нь бол шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн ноцтой гэмт хэрэг” гэлээ.

МАН орон нутгийн сонгуулиас хойш Засгийн эрх мэдлийг хүчээр булаан авах ажиллагаа явуулсаар байгаа гэв.

Орон нутгийн сонгуульд АН 104 суманд ялалт байгуулсан. Гэтэл МАН 74 сумын Засаг даргыг одоог хүртэл батламжлаагүй. Баянзүрх дүүргийн Засаг даргыг хууль зөрчин батламжилж, булааж авлаа. Энэ бол Үндсэн хуулийг зөрчиж буй явдал хэмээн Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл хэллээ.

Мөн БЗД-т болсон үйл явдалын үеэрх цагдаа нарын үйлдэлийг буруушааж буйгаа илэрхийллээ. “Сонгогчдын эрх мэдэлд байдаг Засаг захиргааны эрх мэдлийг булааж авахад цагдаа нар дэмжлэг үзүүллээ. Цагдаа нар нийгмийн хэв журмыг сахиулах ёстой. Үүнийг шалгаж, хатуу хариуцлага тооцох ёстой” гэлээ.