Сүүлийн нэг сарын хугацаанд Samsung компани тун хүнд үеийг давж өнгөрлөө. Асуудал одоо ч бүрэн шийдэгдээгүй хэвээр. Гэсэн хэдий ч компани дараагийн жишиг утсаа үйлдвэрлэхгүй гэсэн үг биш юм.
Магадгүй Galaxy S8 утас худалдаанд гарсны дараа хүмүүс дэлбэрдэг Note 7-ын асуудлыг мартах биз. Компани Дэлхийн хөдөлгөөнт төхөөрөмжийн чуулганаас өмнө шинэ загвараа худалдаанд гаргаж магадгүй бөгөөд хэд хэдэн таамаг гарч эхэлжээ.
#1 4K дэлгэц
Samsung-ын жишиг утаснууд анхны HD, анхны Quad HD дэлгэцтэй утас болж байсан бол энэ удаад ч гэсэн 4К дэлгэцийн анхдагч болж магадгүй. Хэдийгээр өдөр тутмын амьдралд ийм өндөр нягтралтай дэлгэц шаардлагагүй боловч VR төхөөрөмжтэй хослон ажиллах тохиолдолд хамгийн дэвшилттэй зүйл болох юм.
#2 Илүү хурдан
SamMobile-д бичсэнээр шинэ утас худалдаанд гарч буй бүсээс шалтгаалан SnapDragon 830 болон Exynos 8895 процессортой, Mali-G71 график чиптэй болох аж.
Ингэснээр S8 загварын график чип S7 утасныхаас 1,8 дахин хүчирхэг болно гэсэн үг. Тийм ч учраас илүү хурдтай CPU, GPU-г дэмжихэд зайлшгүй шаардлагатай RAM-ын хэмжээ нэмэгдэж болно.
#3 Зөвхөн нумарсан дэлгэц
Нумарсан дэлгэц өнөөдөр зах зээл дээр яах аргагүй давуу байр суурьтай хэвээр. Хэрэглэгчийн хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй ийм дэлгэц Samsung-ын нэрийн хуудас болсон.
Тийм ч учраас Samsung компани Galaxy S8 загварыг хавтгай дэлгэцтэйгээр үйлдвэрлэхгүй байж болох юм.
#4 Хос камер
Хос камер гэдэг дараагийн нумарсан дэлгэц болжээ. LG G5, V20 болон Huawei P9 зэрэг бусад өрсөлдөгчийн утас хийгээд хамгийн том өрсөлдөгч Apple-ийн iPhone 7 Plus загвар хүртэл хос камертай болсон. Тиймээс Samsung мөн энэ жишгийг дагаж магадгүй.
Эцэст нь хэлэхэд S8 загвар чихэвчийн оролтгүй ч болохыг үгүйсгэхгүй. Харин энэ жилээс эргэн ирсэн нэмэлт мемори карт хэсэгтээ алга болохгүй биз ээ.