Сүүлийн 40 жилийн дотор эрчүүдийн эр бэлгийн эсийн тоо дэлхий даяар эрс буурчээ

665

Шинжлэх ухааны 185 орчим судалгааны материал, тоо баримт дээр шинжилгээ хийсний эцэст манай дэлхийн эрчүүдийн үйлдвэрлэдэг эр бэлгийн эс 40 жилийн дотор бараг хоёр дахин багассаныг эрдэмтэд тогтоожээ.

Судалгааны тайланд өгүүлснээр 1973-2011 оны хооронд эр бэлгийн эсийн тоо 59.3 хувиар буурч, сүүлийн жилүүдэд тогтворжих хандлага харагдахгүй байгаа гэсэн байна.

Үүний үр дүнд хөгжингүй орнуудад төрөлтийн тоо багасч, гэр бүлүүд урьд урьдынхаас цөөн хүүхэдтэй байдаг болсон гэж тэд дүгнэжээ. Судалгааг ахалсан доктор Хагай Левин гарсан үр дүнд санаа зовж байгаагаа яриад энэ үзэгдлийн гол шалтгаанд химийн бодисын нөлөө, амьдралын буруу хэв маяг, стресс, нойргүйдэлт зэрэг сэтгэл зүйн хүчин зүйлүүд байгаа гэж таамагласан байна.

Тэрээр “Эцэстээ үүнээс болоод нөхөн үржихүй зогсож, хүн төрөлхтөн устаж үгүй болж магадгүй юм” хэмээн ярьжээ.

Гэвч хүн амын өсөлтийн тооцоолол үүнээс өөдрөг харагдаж байгаа. НҮБ хамгийн сүүлд тооцоолохдоо ирэх хэдэн арван жилд дэлхийн хүн ам 9 тэрбумд хүрэх ба үүнд Сахарын өмнөд хэсгийн Африкийн иргэдийн өсөлт гол нөлөө үзүүлнэ гэсэн юм.

Доктор Левин эрчүүдэд тамхидалт, түргэн хоол, хөдөлгөөний дутагдал зэрэг эрүүл бус амьдралын хэв маягаас татгалзаж, эр бэлгийн эсийн бууралттай тэмцэхийг зөвлөжээ. Тэр бас эрх баригчдыг химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд илүү сайн хяналт тавихыг уриалсан байна.

Эх сурвалж: www.bbc.co.uk