Монголбанк эхний хагас жилд 125 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ

479

Монголбанк энэ оны II улирлын байдлаарх үйл ажиллагааны үр дүнгээ цахим хуудсандаа байршуулжээ.

Төв банкны үйл ажиллагаа зургаадугаар сарын байдлаар 125,2 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. Улмаар 2012 оноос хойш тогтмол өссөн алдагдал анх удаа буурчээ. Ашигтай гарахад төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн чангаралт голлон нөлөөлсөн аж.

Монгол Улс ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахаар болж, төгрөгийн ам.доллартай харьцах ханш чангарч, үүнтэй холбоотойгоор Монголбанкны гадаад, дотоод өр төлбөр буурсан нь санхүүгийн тайланд эерэг өөрчлөлт авчирсан аж.

Монголбанкны тухайн жилийн алдагдал

  • 2012 онд 181,395 сая төгрөг,
  • 2013 онд 251,071 сая төгрөг,
  • 2014 онд 535,475 сая төгрөг,
  • 2015 онд 357,394 сая төгрөг,
  • 2016 онд 1,648,026 сая төгрөг байв.

Валютын арилжааны алдагдал, ханшийн зөрүүний алдагдал, гадаадын байгууллагаас авсан зээлийн хүү, санхүүгийн үүсмэл хэрэгслийн дахин үнэлгээний алдагдал, зах зээлийн хүүгээс доогуур хүүтэй олгосон зээлийн алдагдал зэрэг нь Төв банкийг алдагдалд оруулж байжээ.