Австрали улс руу Монголчууд сурах гэж, мөн ажиллаж амьдрахаар зорьдог болсон. Өөрөөр хэлбэл Монголчуудын байнга зорчдог шахуу чиглэл юм.
Энэ ч утгаараа Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ХК нислэгийн сүлжээгээ өргөжүүлэхээр Хонг Конгийн /Cathay Pacific/ компанитай аялалын дугаар хамтран эзэмшиж нислэг үйлдэхээр хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ.
Хамтран ажиллах гэрээний дагуу 2017 оны 7-р сарын 12-ны өдрөөс борлуулалтаа эхэлж хамтарсан нислэг үйлдэх юм.
Өөрөөр хэлбэл өөрийн нислэг үйлдэж буй цэгээс цааших цэгүүд рүү гадаадын агаарын тээврийн компанийг түшиглэн тэдний сүлжээг ашиглан зорчигчдыг эцсийн цэгт нь хүргэх зорилгоор код хуваах гэрээ байгуулан зах зээлээ тэлэх гэж байна.
Тодруулбал, Австралийн Перт, Брисбен, Сидней, Мельбурн, Сингапур хот руу хамтарсан нислэг үйлдэж эдгээр хотуудаас Монгол руу зорчих зорчигч урсгалыг Хонг Конгоор дамжуулан тээвэрлэх боломж нээгдэж байгаа юм.
Аяллын дугаарыг зарлахдаа гэрээний дагуу “МИАТ” компаний ОМ аялалын дугаартай нислэг байна.
Зорчигчид Улаанбаатараас “МИАТ” –ын нислэгээр Хонг Конгт хүрч цааш ОМ аяллын дугаар бүхий нислэгээр Хонг Конгийн /Cathay Pacific/ компаниар дамжин дээр дурьдсан хоёр улсын таван хот руу хүрэх боломж бүрдэнэ.
Уг хамтын ажиллагаа МИАТ компанид Зүүн Өмнөд Ази, Австрали руу чиглэсэн нислэгийн сүлжээг өргөжүүлж, давтамжаа нэмэгдүүлэх, нислэгийн зардлыг бууруулах, суудал ашиглалтыг нэмэгдүүлэх, агаарын хөлгийн ашиглалт сайжрах, шинэ зах зээлд нэвтрэх, эдийн засгийн хувьд зардал буурч ашиг орлого нэмэгдэх боломжийг олгож байгаа бол үйлчлүүлэгчдэд нислэгийн сонголт нэмэгдэж, олон сонголттой тарифаар үйлчлүүлэх боломж, тав тухтай байдлыг бий болох юм.
Мөн хамтран ажиллаж байгаа агаарын тээвэрлэгч хоёр компанийн хооронд зорчигч болон тээш дамжуулах үйл явц хялбар болох зэрэг олон талын ач холбогдолтой.
Cathay Pacific компани нь дэлхийн 200 гаруй чиглэлд зорчигч, ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг Хонг Конгийн агаарын тээврийн компани юм.
Сүүлийн жилүүдэд агаарын тээврийн компаниуд аяллын дугаар хамтран эзэмших буюу код хуваах хэлбэрээр хамтран ажиллах нь ихсэж байгаа бөгөөд энэ нь хоёр болон түүнээс дээш агаарын тээврийн компаниуд харилцан тохиролцсон нислэгийн чиглэлд агаарын тээврийн компани тус бүр өөрийн үнээр, өөрийн аяллын дугаараар борлуулалт хийх хамтын ажиллагааны хэлбэрийг хэлдэг байна.
Эх сурвалж: “МИАТ” ХК