“КОВИД-19” цар тахалтай тэмцэх, цар тахлын нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Рио тинто” компанийн Монгол дахь салбар, “Оюу толгой” ХХК хамтран “Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл”-ийг санхүүжүүлэхээр болжээ. Төслийн хүрээнд талууд Монгол Улсад 602 мянган ам.доллар буюу 1.7 тэрбум төгрөгтэй дүйх буцалтгүй тусламжийг НҮБ-ын Хүн амын санд олгосон. НҮБ-ын Хүн амын сан нь Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр энэхүү хандивыг дараах хоёр үндсэн чиглэлд зарцуулна. Нэгдүгээрт, Монгол улсын оношилгооны хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд БНХАУ-тай хиллэдэг аймгууд болох Дорноговь, Өмнөговь, мөн Улаанбаатар хотод нийт 4 PCR буюу Полимеразийн гинжин урвалын лабораториудыг байгуулна. Хоёрдугаарт, тогтмол эмчийн хяналтад байх шаардлагатай иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг тасалдуулахгүйн тулд анхан шатны эрүүл мэндийн төвүүд дээр телемедицин буюу зайн тусламж үйлчилгээг нэвтрүүлнэ.
1. Оношилгооны чадавх нэмэгдэнэ. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Яармаг дахь Нийслэлийн Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлэг, Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт оношилгоо үйлчилгээний нэгж байгуулах юм.
-Дээрх эмнэлгүүдэд тус бүр гурван ширхэг термо-циклийн төхөөрөмж
-PCR буюу Полимеразийн гинжин урвалын дөрвөн лаборатори
-ДНХ-тэй ажиллах бичил хурилтуур
-Цельсийн -70 градусын дөрвөн ширхэг хөлдөөгч
-ДНХ, РНХ ялгах төхөөрөмж
-“COVID-19” праймер ПГУ-ийн урвалжаар хангах юм. Харин лабораторид ажиллах боловсон хүчинг Европын холбооны санхүүжилтээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран сургаж бэлдэх аж.
2. Зайн оношилгоо, эмчилгээ сайжирна. Мэргэжлийн эмчийн байнгын үзлэгт орох шаардлагатай хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах нөхцөл бүрдэх юм. Анхан шатны эмнэлгүүдийн нийт 86 эмчийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг алслагдсан бүсийн иргэдэд хүрч үзүүлэхэд шаардлагатай эрүүл мэндийн багаж, хэрэгслийн багц ба нарийн мэргэжлийн эмч нартай зайнаас холбогдон програм хангамжаар хангах, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр сургалтад хамруулах юм байна.
Энэхүү үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж, дэмжлэг үзүүлж буй байгууллагуудын төлөөлөгчдийн сэтгэгдлийг хүргэе.
“Рио Тинто” ХХК-ийн Монгол дахь салбарын Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Х.Амаржаргал “Манай компани ажилчдынхаа болон үйл ажиллагаа явуулж буй орнуудын ард иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, орон нутгийн болон үндэсний эдийн засагт хувь нэмрээ оруулах, харилцагчдынхаа хэрэгцээг хангах ажлаа тасралтгүй үргэлжлүүлэх тал дээр анхаарч ажилладаг. Тухайлбал, “Оюутолгой” компаниар дамжуулан Монгол Улсад энэ оны эхний хагас жилийн байдлаар 381 тэрбум төгрөгийн татварыг төлсөн байна. “Рио Тинто” ХХК өөрийн үйл ажиллагаа явуулж буй улс орнуудад цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажилд туслах зорилгоор сайн дурын буцалтгүй тусламжийн санг бүрдүүлсэн. Уг сангаас 1.4 тэрбум төгрөгтэй тэмцэх хэмжээний хөрөнгийг халдварт өвчний оношилгооны чадавхыг сайжруулахад туслах дэмжлэг үзүүлж байгаадаа баяртай байна” гэж ярилаа.
“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Манай компанийн үйл ажиллагаанд ямар нэгэн доголдол гарахгүй ажиллах боломжийг олгож байгаа, Монгол Улсын Засгийн газар, аймгийн удирдлагуудад талархал илэрхийлж байна. “COVID-19” цар тахал гарснаас хойш ажилчид болон компани 445 сая төгрөгийн хандив өгчээ. Үүнээс 100 сая төгрөгийг Монголын Уул уурхайн үндэсний ассоциациар дамжуулан УОК-т, 200 сая төгрөгийг Өмнөговь аймгийн Онцгой комисст, 10 сая төгрөгийг Говийн Оюу хөгжлийн дэмжих сангаар дамжуулж, Ханбогдын онцгой комисст, Оюу толгойн уурхайчид хандивын аян өрнүүлж, 145 сая төгрөгийг ЭМЯ-д хандивласан билээ. Цаашдаа ч аливаа сорилтыг даван туулахын тулд асуудал тоочоод суух биш, гаргалгаа хамтдаа олж, даван туулах нь чухал юм. Бидний өмнө тулгараад буй цар тахлын аюулыг давахын тулд өндөр зохион байгуулалттай, нягт хамтын ажиллагаатай байх нь зүйтэй” хэмээв.
Ийнхүү эрсдэл өндөртэй, санхүүгийн чадавх султай ард иргэдэд үйлчилдэг эрүүл мэндийн нэгжийн чадавхыг үргэлжүүлэн сайжруулж, “COVID-19” болон бусад халдварт өвчний оношилгооны хүртээмжийг нэмэгдүүлэх төслийг 2021 оны эхний улиралд багтаан хэрэгжүүлэх аж.