Монголын компаниудын хувьцааны ханш унаж байна

498

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болсон ч гурван нэр дэвшигчээс хэн нь ч олонхын санал авч чадсангүй. Улмаар хоёр нэр дэвшигчийн хооронд дахин санал хураалт явуулахаар болсон юм. Тэгвэл дахин санал хураалт ирэх долоодугаар сарын 7-нд товлогдоод байгаа билээ. Харин сонгуулийн энэ өдрүүдэд гадны хөрөнгийн биржүүдэд Монголын томоохон компаниудын хувьцаа унаад байна.

Тодруулбал, лхагва гарагт Хонгконгийн Хөрөнгийн биржид 16.23 цагийн үед “Хуралдай” бондын нэгжийн ханш нь 109.6 цент болж буурчээ. Эдийн засагч Л.Наранбаатар  энэ талаар өөрийн цахим хуудастаа “Хямрал, гацаа хоёртоо тавтай морил! Хөрөнгө оруулагчид нуруугаа харуулаад эхэллээ. Монголын нүүрс, зэс, алтны хувьцаанууд унаж байна” хэмээн жиргэж  тухайн өдрийн хувьцааны үнэ ханшийн мэдээллийг оруулсан.

Түүнчлэн Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Монголын хөрөнгө оруулалттай “Mongolian Mining Corporation” /ММС/ хувьцаат компанийн ханш хаалтын үеэрээ 13,36 хувиар буурсан байна. Тухайн өдөр  “Mongolian Mining Corporation”-ийн хувьцаа өглөөнөөс эхлээд уналттай байсаар 14 хувь хүрч, 0,174 HKD болсон нь энэ. Үүнийг эдийн засагчид огцом уналт хэмээн нэрлэж байгаа юм. Үүнийг олон нийт сонгуультай холбохын зэрэгцээ
“Энхболддоо ч биш Баттулгын сургаар Энержи Рэсурс(ухаа худаг) хувьцаа ~20% уналаа. Энийг л хүмүүс ойлгох хэрэгтэй байгаа юм” гэх зэргээр үзэл бодлоо илэрхийлээд байна.

Өөрөөр хэлбэл, Х.Баттулгын сургаар “Энержи ресурс”-ийн хувьцаа 20 хувиар уналаа гэх хандлага ч байгаа юм. “MCS” болон түүний харьяа компаниудад Х.Баттулга хэзээнээс харшилтай. Хэрэв тэр Ерөнхийлөгчөөр сонгогдвол эдгээр компаниуд ирэх дөрвөн жил өөд нар арахгүй гэх нэгэн ч байна.