Урлаг, спортынхон Миеэгомбын Энхболдыг бултаараа дэмжинэ

534

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболд улс орны хөгжил дэвшил, ард түмний сайн сайхан амьдралын төлөө салбар бүрт тодорхой бодлого хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөрөө боловсруулсан билээ. Тиймээс тэр салбар бүрийн төлөөлөлтэй уулзан мөрийн хөтөлбөрөө танилцуулж байгаа юм. Түүний уулзалт урлаг, соёл, спортын салбарынхантай үргэлжиллээ. Миеэгомбын Энхболд өнгөрсөн хугацаанд төр, засгийн шат шатны алба хашихдаа урлаг, соёл, спортыг дэмжих, соёл, урлагын өв уламжлал, түүх, дурсгалыг хамгаалж, дэлхийд данслуулах олон ажил хийсэн учир тус салбарынхан түүнд талархан байнга дэмжинэ гэдгээ илэрхийллээ.

Урлаг, спортын салбарт санхүүгийн дэмжлэг, соёл урлагын хууль шаардлагатай байгааг салбарынхан дуулгасан юм. Харин Монгол Ардын намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын “Монгол төр – Монгол гэр”  мөрийн хөтөлбөрт урлаг, спортын салбарын нийгмийн асуудал, салбарынхны мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх бодлогыг дэвшүүлсэн байгаад салбарынхан ам сайтай байна. Ялангуяа соёл, урлаг, спортын ажилтан, зүтгэлтнүүдийн ажлын байрыг тогтвортой болгох хууль, эрхзүйн дэмжлэг туслалцааг үзүүлэхээр тусгасанд тэд тааламжтай байгаа ажээ.

Монгол Улс даяар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгааны компанит ажил явж байгаа энэ өдрүүдэд МУГЖ Г.Ариунбаатар Англид хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг “BBC Cardiff Singer of the World” уралдаанаас тэргүүн байрыг эзэлжээ. Мөн чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчид медалийн хур буулгаж, төрийнхөө алтан соёмбот далбааг олон улсын тавцанд цуурайтуулсан байна. Энэ мэт тив дэлхийд улс үндэстнийхээ нэр алдрыг цуурайтуулж буй урлаг, спортынхноороо бахархан тэдэндээ ямагт дэмжлэг туслалцаа үзүүлэхийг эрмэлздэг гэдгээ  Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболд салбарынхантай хийсэн уулзалтын үеэр онцолсон. Тэрбээр 2020 оны олимпод монголчууд өмнөх  амжилтаа ахиулахад нь хөрөнгө санхүү, бэлтгэл сургуулилтын талд урд урдынхаасаа илүү дэмжлэг үзүүлж ажиллана гэлээ.

Урлаг, соёл, спортынхон эх орныхоо нэрийг тив дэлхийд цуурайтуулсан амжилт гаргахад  бүрэн дүүрэн дэмжиж ирсэн, салбартаа ээлтэй  Миеэгомбын Энхболдыг Ерөнхийлөгч болоход нь  бултаараа  дэмжинэ  хэмээж байлаа.

Г.Равдан: Урлаг, соёлынхон М.Энхболдыг сонгоно

-Төрийн албаны туршлагатай, улс орныг авч явах мэдлэг боловсролтой хүн учраас манай урлаг соёлынхон Миеэгомбын Энхболдыг дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгч болгох гэж байгаа юм. Би урлагын салбарт насаараа ажилласан. Тиймээс Миеэгомбын Энхболдыг энэ салбарт ямар ажил хийснийг мэднэ. Цаашид ч хийж байсан ажлаа ахиулана  гэдэгт итгэлтэй байна.

Л.Отгонжаргал: Бүх талаараа Ерөнхийлөгч байхад тохирсон хүн

-Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын дэвшүүлсэн “Монгол төр- Монгол гэр”  таван багц мөрийн хөтөлбөр сэтгэлд их нийцсэн. Хэрэгжих боломжтой мөрийн хөтөлбөр байсан учир Миеэгомбын Энхболдыг Ерөнхийлөгч болохыг дэмжиж байна. Мөрийн хөтөлбөрөөс гадна энэ хүн төрийн тэргүүн болох бүхий л шаардлагыг хангасан ноён нуруутай,  бүх талаараа Ерөнхийлөгч байхад тохирсон хүн гэж үзэж байна. Манай улсад ээлтэй, эвтэй Ерөнхийлөгч хэрэгтэй.

Ж.Батсүх: Урлаг, спортыг дэмжиж ажиллана гэдэгт итгэж байна

-Би Төв аймгийн хүн учраас Миеэгомбын Энхболдыг сайн мэднэ. Улс эрх орныхоо төлөө тууштай ажилладаг, нэр хүндтэй учир энэ хүнийг дэмжиж явдаг. Би 70 нас гарч байгаа ч спортод зүтгэдэг. Тиймээс спортын салбарын ажилтнуудад дэмжлэг үзүүлэх талаар мөрийн хөтөлбөртөө тусгасанд талархаж байгаа. Миеэгомбын Энхболд хэлсэн л бол хийдэг хүн. Тиймээс хэлсэндээ хүрч урлаг, спортыг дэмжиж ажиллана гэдэгт итгэж байна.