Лондон хотод иргэд рүү автомашинаар дайрсан хэрэг дахин гарлаа

359
Police officers attend to the scene after a vehicle collided with pedestrians in the Finsbury Park neighborhood of North London, Britain June 19, 2017. REUTERS/Neil Hall

Лондон хотын хойд хэсэгт орших Исламын шашны сүмийн гадаа мөргөлчид рүү автомашинаар дайрсан хэрэг орон нутгийн цагаар Даваа гарагийн шөнийн 12:20 цагт гарчээ.

Шөнийн мөргөл үйлдээд гарч явсан иргэд рүү цагаан өнгийн микро автобус дайран орсноос долоон хүн бэртсэн байна. Харин хүний амь нас үрэгдээгүй гэнэ.

Одоо Рамадан сар үргэлжилж байгаа тул муслимууд ийнхүү шөнийн мөргөл үйлдэж байжээ. Цагдаа нар машиныг жолоодож явсан хүнийг баривчлан авч явсан байна. Гэрчүүд баривчлагдсан хүнийг “цагаан арьстай, эрэгтэй хүн” байсан гэжээ. Сүмийн орчим харуул хамгаалалтыг нэмэгдүүлээд байна.

Seven Sisters Road гудамжны ойролцоох энэхүү сүм нь нэгэн үе Исламын радикал үзлийн нэг гол төв болж байжээ. Гэвч сүүлд удирдлага нь солигдож, бүхэлдээ шинэчлэгдсэн юм байна. Өмнөх имам (сүмийн тэргүүн санваартан) Абу Хамза 2015 онд терроризмийн хэргээр Нью Йоркод бүх насаар хоригдох ял авсан юм.

Тэрээр 1997-2003 онд энэ сүмийн имамаар ажиллаж байгаад бусдыг хүчирхийлэлд уриалсан хэргээр баривчлагдаж байжээ. Дараа нь Абу Хамзаг АНУ-д шилжүүлж өгсөн юм байна.

Хэдийгээр сүмийн удирдлагын явуулж байгаа энх тайванч бодлогын ачаар нийгмийн хандлага өөрчлөгдсөн ч Европт гарсан террорист халдлага бүрийн дараа тус сүмд сүрдүүлсэн захидал, имэйл ирдэг байжээ.

Энэ сарын эхээр Лондон хотын гүүрэн дээр мөн ийм төрлийн халдлага гарсныг Исламын радикал үзэлтнүүд үйлдсэн юм.