С.Ганбаатар ард түмэнтэйгээ хариуцлагын гэрээ байгууллаа

405

МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатар  өнөөдөр /06.18/ ард түмэнтэйгээ хариуцлагын гэрээ байгуулж гарын үсэг зурлаа.

Чин Ван Ханддоржийн өргөөнд болсон нээлтийн ёслолд нийслэлийн есөн дүүргийн иргэдийн төлөөлөл  оролцож гэрээнд гарын үсэн зурсныг Монголын нотариатчдын төлөөлөл гэрчилж баталгаажуулав. Төрийн тэргүүн гурван сая ард түмнээ төлөөлөх үүрэг, хариуцлагыг ийнхүү өөрийн бие дээр андгайлан авч, гарын үсгээ зуран гэрээ байгуулж байгаа нь  Сайнхүүгийн Ганбаатарын зүгээс Монголын улстөрд, нэр дэвшигчдэд, Ерөнхийлөгч нарт бий болгож буй шинэ дэвшил, шинэ жишиг юм.”Монголын за андгай  буй  за” хэмээн монголчууд андгай тангарагт ач холбогдол өгдөг. Сайнхүүгийн Ганбаатар ам, ажлын нэгдлийг хангаж ажилладаг Ерөнхийлөгч байна гэдгээ мөн үүгээр илэрхийллээ.

Түүний ард түмэнтэй байгуулсан есөн зүйл бүхий гэрээний үндсэн агуулга “Ерөнхийлөгч болсны дараа  ард түмэнтэйгээ байгуулсан гэрээгээ жил бүр тайлагнана. Төрийн тэргүүн болсныхоо дараа өөрийн ах, дүү, хамаатан садангийн хэнд ч давуу эрх олгохгүй. Гэрээнд тусгасан ажлуудыг хийж гүйцэтгэхэд дөрвөн жил хангалттай. Иймд миний бие Ерөнхийлөгчөөр зөвхөн дөрвөн жил ажиллана” гэсэн байна. Мөн үүнийгээ эх орон даяар зарлан тунхаглаж байгаа бөгөөд гэрээг  21 аймаг, сум, баг, хороонд шуурхайлан  хүргэх ажлыг наран мандах  зүүн бүс нутгаас буюу Их Эзэн Чингис хааны мэндэлсэн газар  Хэнтий аймгаас эхлүүлэх юм.

С.Ганбаатарын ард түмэнтэйгээ хийсэн гэрээтэй албан ёсоор танилцана уу.


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ СОНГУУЛЬД МАХН-ААС НЭР ДЭВШИГЧ С.Ганбаатарын Монголын ард түмэнтэй байгуулсан гэрээ

 Улаанбаатар хот.

Нэгдүгээр зүйл. Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг нийт ард түмнээр хэлэлцүүлэн батлуулснаар:

  • Монголын ард түмэнд төр засгийн бүрэн эрхийг бүрмөсөн буцаан өгнө.
  • Монголын ард түмэнд байгалийн баялагийг тэгш өмчлүүлнэ.
  • Монгол Улсын иргэнийг төр засгийн хамгаалалтанд авна.
  • Хүний эрх, эрх чөлөөг найдвартай хангана.
  • Шударга ёсыг бат бэх сэргээн тогтооно.
  • Төр засгийн бүх шатны байгууллага, албан тушаалтны хариуцлагыг эрс нэмэгдүүлнэ.
  • Ард түмний үр дүнтэй хяналтын тогтолцоог тогтооно.

Хоёрдугаар зүйл. “Оюу толгойн ХОГ”-г Монголын талд мөн адил ашигтай байх зарчимд нийцүүлэн өөрчлөн сайжруулж, Таван толгой зэрэг стратегийн ач холбогдолтой томоохон ордуудыг ард түмний дундын өмч болгоно.

Гуравдугаар зүйл. Хөдөлмөрчдийг төлөөлсөн Үйлдвэрчний Эвлэл болон Баялаг бүтээгчдийг төлөөлсөн Ажил Олгогч Эздийн Холбоо, Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимыг З талт хэлэлцээрт Засгийн газартай эн тэнцүү хэмжээнд оролцдог байх нөхцлийг ханган уг хэлэлцээрийг шинэ шатанд гаргаснаар:

  • Цалин, тэтгэврийг бодитойгоор нэмэгдүүлнэ.
  • Хөдөлмөрийн үнэ цэнийг шинээр үнэлэх тогтолцоог нэвтрүүлнэ.
  • Амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой иргэнийг баталгаатай орлогын эх үүсвэртэй болгоно.

Дөрөвдүгээр зүйл.Нийгмийн салбарын хөгжилд онцгой анхаарал хандуулснаар:

  • Төрийн өмчийн бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнг эрс чанаржуулан сайжруулж олон улсын стандартад ойртуулж, тэдгээрт хамрагдан сурч байгаа сурагч, оюутнуудын сургалтын төлбөрийг төрөөс бүрэн хариуцдаг тогтолцоо руу шилжүүлнэ.
  • Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнг эрс чанаржуулан сайжруулж олон улсын стандартад ойртуулж, тэдгээрээр эмчлүүлсэн олон хүүхэдтэй эхчүүд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эмчилгээний зардлыг төр засгаас бүрэн хариуцдаг тогтолцоо руу шилжүүлнэ.

Тавдугаар зүйл. Хөдөө аж ахуйг Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлснээр:

  • Тус салбарт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.
  • Шинэ технологи, инновацийг нэвтрүүлнэ.
  • Уг салбарт ажиллагсдын мэдлэг боловсрол, мэргэшлийн ур чадварыг сайжруулна.
  • Энэ салбарын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанар, гарцыг эрс нэмэгдүүлэн гадаадын зах зээлд гаргаж борлуулах боломжийг нэмэгдүүлнэ.
  • Монгол Улсын экспортын орлогыг нэмэгдүүлэх чухал эх үүсвэр болгоно.

Зургаадугаар зүйл. Шударга ёсыг бат бэх сэргээн тогтоосноор:

  • Хууль, шүүхийн байгууллагын өнөөгийн хараат байдлыг арилгана.
  • Хараат бус хууль, шүүхийн байгууллагын тогтолцоог байгуулан ажиллуулна.
  • Хэнийг ч алагчилдаггүй хариуцлагын тогтолцоог тогтооно.

Долоодугаар зүйл. Хот, хөдөөг тэнцвэртэй, эрчимтэй хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлснээр:

Эзэн Чингис хааны зарлигаар байгуулагдсан Монголын Их Эзэнт гүрний нийслэл Хархорин хотын 800 жилийн ойг тохиолдуулан тус хотын статусыг нэмэгдүүлэн хөгжүүлэх цогц бодлогыг гүн гүнзгий судалгаанд тулгуурлан боловсруулан хэрэгжүүлнэ.

Чойбалсан хот, Чингис хот, Эрдэнэт хот, Дархан хот, Улиастай хот, Ховд хотыг аж үйлдвэржүүлэлтийн 4 дэх  хувьсгалын төв цогцолборууд болгон хөгжүүлэх бодлогыг нарийвчлан боловсруулан хэрэгжүүлнэ.

Азийн цагаан дагина болсон нийслэл Улаанбаатар хотын гудамжны түгжрэл, агаарын бохирдол, замбараагүй барилгажилт, эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэлтэй орчин зэрэг тулгамдсан асуудлыг богино хугацаанд шийдвэрлэж, хот төлөвлөлтийг олон улсын жишгийн дагуу боловсруулан хийж хэрэгжүүлнэ.

Наймдугаар зүйл.Төр засгийн байгууллагууд, албан тушаалтнуудыг хариуцлагажуулснаар:

Төр засгийн албан тушаалд ажиллаж байсан болон одоо ажиллаж буй хүмүүс, тэдний гэр бүлийн гишүүд, ойр дотны хүмүүсийн нэр дээр гадаадын оффшор дансанд хадгалагдаж байгаа мөнгө, гадаад, дотоодод өөрийн болон ойр дотны хүмүүсийн нэр дээр бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг нэгбүрчлэн гаргаж, тэдгээр мөнгө, хөрөнгийн эх үүсвэр хуулийн дагуу шударга бүрдсэн нь бодитойгоор батлагдахгүй бол шууд улсын орлого болгоно.

Монгол Улсад шударгаар бизнес эрхлэн баялаг бүтээх үйл ажиллагааг бүхий л талаар дэмжиж, төр засгийн байгууллага, албан тушаалтнаас баялаг бүтээгчдийг элдвээр шахан хавчих, тэдгээрийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хүнд суртал гарган хүндрүүлэн удаах, чирэгдүүлэх явдлыг таслан зогсооно.

Татварыг гагцхүү төр засаг болон баялаг бүтээгчдийн байгууллага хоорондын харилцан зөвшөөрснийгүндэслэн өөрчлөн тогтоодог байх шударга зарчмыг нэвтрүүлэн тууштай баримталдаг болгоно.

Төр засгийн эдийн засаг, нийгмийн бодлогод үндэсний мөнгөн тэмдэгтийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэн хамгаалах тогтолцоо нэвтрүүлнэ.

Есдүгээр зүйл. Ардчилалын үнэт зүйл, хүний эрх, эрх чөлөөг тууштай хамгаалснаар:

Бүх шатны сонгуулийг шударга явуулах нь ардчилсан нийгмийн үндэс суурь мөн тул шударга сонгууль явуулах цогц тогтолцоог баттай бүрдүүлнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж байгааг таслан зогсоох, төр засгийн байгууллага, албан тушаалтны хүнд суртал, хээл хахуулийг илчлэх, нийгэмд шударга ёсны харилцааг тогтоох зэрэгт чиглэгдсэн үйл ажиллагаа явуулахад нь бүхий л талаар дэмжинэ.

Сайнхүүгийн Ганбаатар миний бие Монгол Ардын Хувьсгалт Намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн хувьд уг сонгуульд туйлын хариуцлагатай хандаж, энэхүү Гэрээг ард түмэнтэйгээ байгуулж, ард түмнийхээ дэмжлэгээр Төрийн тэргүүнээр сонгогдсоныхоо дараа тус Гэрээний зүйл бүрийг цаг хугацаа алдалгүй нэн даруй хэрэгжүүлэх үүрэг хүлээх нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж байна.

Миний бие өндөр албан тушаалд очихын төлөө улайраагүй, харин гагцхүү ард түмнийхээ эрх ашигт нийцсэн үйл хэрэг бүтээхийн тулд энэхүү сонгуульд нэр дэвшсэнээ үүгээр баталж байна. Би эдгээр ажлыг эхлүүлэх, хийх, үр дүнг нь гаргахад дөрвөн жилийн хугацаа хангалттай хэмээн үзэж байгаа учир Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшин өрсөлдөхгүй гэдгээ үүгээр ийнхүү ухамсартайгаар мэдэгдэж байна.

Миний бие ард түмнийхээ дэмжлэгтэйгээр Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа өөрөө болон миний гэр бүлийн гишүүдийн хэн нь ч авлига хээл хахуулийн асуудалд нэр холбогдохгүй гэдгээ хариуцлагатайгаар баталж байна.

Хэрэв би ард түмнийхээ дэмжлэгтэйгээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа энэхүү Гэрээг бүхэлд нь, эсхүл аль нэгэн зүйлийг нь үл хэрэгжүүлэх аваас албан тушаалаасаа шууд огцорно гэдгээ үүгээр батлан илэрхийлж байна.

Миний бие ард түмнийхээ дэмжлэгтэйгээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа ард түмэнтэйгээ байгуулсан энэхүү Гэрээг хэрэгжүүлэхийн тулд төр засгийн бүх шатны байгууллага, албан тушаалтантай ажил хэрэгч харилцаа тогтоон идэвхтэй хамтран ажиллах бөгөөд хэрэв төр засгийн аль нэгэн байгууллага, албан тушаалтан миний ард түмэнтэйгээ байгуулсан уг Гэрээг болон түүний аль нэгэн зүйлийг хэрэгжүүлэхэд саад бэрхшээл учруулвал буруутантай хариуцлага тооцно.

Уг Гэрээний хэрэгжилтийг хянах, энэ тухай иргэдэд мэдээлэх, хэрэгжилтийн явцад алдаа завхрал гарвал нэн даруй засахын тулд хэвлэл, мэдээллийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагатай идэвхтэй хамтран ажиллана.

Уг Гэрээний хэрэгжилтийн явцыг надад итгэж, надтай гэрээ байгуулсан ард түмэндээ жил бүр тайлагнаж байна.

Гэрээгээ 100 хувь хэрэгжүүлнэ.

Бидэнд итгэ.

Монгол Улс мандан хөгжих болтугай.

Монголын ард түмэн аз жаргалтай байх болтугай.

Гэрээгээр үүрэг хүлээсэн:

МУ-ын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд

МАХН-аас нэр дэвшигч:

Сайнхүүгийн Ганбаатар

Гэрээгээр үүрэг хүлээлгэн итгэсэн:

МУ-ын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сонгогч:

             ………………….овогтой …………………

            ………………….хот/аймаг

            ………………….дүүрэг/сум

            ………………….хороо/баг

            Регистрийн дугаар…………………….

Эх сурвалж: МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын сонгуулийн Төв штаб