ХҮН ашиг хонжоо хайсан С.Ганбаатартай хамтарсандаа олон нийтээс уучлал гуйлаа

389

ХҮН-аас хэвлэлийн хурал зарлаж, Улсын Дээд шүүхийн 2017 оны зургаадугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар намын даргаар нь Б.Найдалааг бүртгэсэн талаар мэдээллээ. Ингэхдээ тэд “Байгуулагдсан зорилгын дагуу ажиллах явцдаа улстөрийн туршлага дутаж, удирдлагын багтаа буруу хүн оруулж, алсын хараагүй, ашиг хонжоо харсан, ес зүйгүй хүмүүстэй хамтран ажилласнаас олны итгэлийг алдсанаа гүнээ ухамсарлаж, нийт иргэд, дэмжигчдээсээ уучлалт хүсье” хэмээж байлаа.

Түүнчлэн ХҮН үүсэн байгуулагдсан цагаасаа Монгол Улсын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд шинэ үеийн бодлого, мэдлэгтэй, улс орны хөгжлийг тодорхойлох улстөрийн хүчин болохоор бодлогоо тодорхойлсон. Цаашид бид анх байгуулагдсан зорилгынхоо дагуу улс орны тулгамдсан асуудалд дүгнэлт өгч, тууштай ажиллах болно гэсэн юм. Тус нам Б.Найдалааг даргаар бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхэд гурван удаа хандсан ч дотооддоо зөрчилтэй байгаа учраас хүсэлтийг цуцалж байсан.

Харин 2017 оны зургаадугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар ХҮН-ын дотоод зөрчил арилсан учраас бидний хүсэлтийг биелүүлж, ХҮН-ын даргаар Б.Найдалааг сонгон бүртгэлээ гэлээ. Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-С.Ганбаатар намын гишүүнчлэлээ сольсон учраас одоо ХҮН-д дотоод зөрчил байхгүй гэсэн үг үү?

-Тухайн үед манай намын гишүүн байсан С.Ганбаатар болон дүрмийн дагуу сонгогдсон намын удирдлагын хооронд үүссэн үл ойлголцлоос болоод дотоод зөрчил гарч байсан.
Харин С.Ганбаатар тухайн үед ХҮН-аас гарч, өнгөрсөн 2016 оны сонгуульд өөр намаас нэр дэвшсэн. Гэтэл одоо МАХН-д элсэж орсон байгаа тул бидний дотоод зөрчил дууссан. ХҮН С.Ганбаатараас салж, үймээн үүгээр дууслаа.

-Анх ХҮН байгуулагдахдаа гадаадад боловсрол эзэмшиж, ажиллаж байгаа залуус эх орныхоо хөгжлийн төлөө нэгдэх талаар ярьж байсан. Мэдээж тэр орон зай ч Монголд үгүйлэгдэж байсан. Гэтэл тэр хоосон зайг ХҮН нөхөж чадаагүй. Одоо намын зорилго тань өөрчлөгдсөн үү?

-Анх байгуулагдсан ХҮН-ын зорилго, шинж чанарт анхнаасаа ямар ч өөрчлөлт ороогүй, хэвээрээ байгаа.Бүрэлдэхүүн нь ч хэвээрээ. Зөвхөн богино хугацааны ашиг хонжоо харсан зарим хувь хүнийг бид эгнээндээ нэгтгэсэндээ, түүнээс сэргийлж чадаагүйдээ, хамгаалж чадаагүйдээ, түүнээс болж 2016 оны УИХ-ын сонгуульд орж чадаагүйдээ, бидэнд итгэж найдаж байсан олон мянган хүний итгэлийг алдсандаа үнэхээр гэмшиж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр уучлал эрж байгаагаа дахин илэрхийлье.

Цаашдаа нийгмийн захиалга байгаа. Монгол Улсын асуудал хэвээр байгаа цагт ХҮН тууштай тэмцэх болно. ХҮН хариуцлагатай, буруугаа хүлээх чадвартай нам гэдгээ үүгээр илэрхийлж байна. С.Ганбаатарт ХҮН хариуцлага тооцох ёстой.

-Танай нам цаашид ямар ажил хийх вэ?

-Өнгөрсөн оны хоёрдугаар сард үймээнээс хойш манай намд хэд хэдэн онцлох үйл явдал болсон Манайх УИХ-ын сонгуульд намаараа оролцож чадаагүй Манай намын гишүүн байсан хүн өөр намаас Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байна. Үүнтэй холбоотой гишүүнчлэлийн хөдөлгөөн үүссэн. Бид гишүүнчлэлээ нягталж, цэгцлэхээс эхлээд ажлаа үргэлжлүүлнэ. Цаашдаа намынхаа стратеги төлөвлөлтийг эргэж харж, хянана.

-Танай нам Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг дэмжих вэ?

-Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд гурван хүн нэр дэвшсэн байна. Харамсалтай нь сонгогч бидэнд сонголт алга. Парламентад суудалтай гурван намаас шигшиж шигшиж гаргаж ирсэн гурван хүн нь гурван нэр дэвшигч байдаг. Бид хэнийг сонгох вэ гэдгээ мөрийн хөтөлбөрөөр нь  шинжинэ. Харамсалтай нь хов жив, хувийн чанартай асуудал бидний тархийг боож байна. Монголчууд бид төрийн тэргүүнээ сонгох сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй.