Панам улс Тайваниас дипломат харилцаагаа тасалж, Бээжинтэй дотносох болсноо Мягмар гарагт зарласан юм. Ингэснээр дэлхийн 20 орчим улсаар өөрийгөө хүлээн зөвшөөрүүлээд байсан Тайваний арлыг хүнд байдалд оруулжээ.
Тэгвэл Тайваний ерөнхийлөгч Цай Ин Вэн өчигдөр энэ талаар мэдэгдэл гаргахдаа Бээжингийн эрх баригчдад хандсан хатуу үгсийг чулууджээ. Тэр Панамын засгийн газрын шийдвэрт гүнээ харамсаж байгаагаа илэрхийлээд “хэдийгээр бид нэгэн түншээ алдаж байгаа ч дипломат харилцааны төлөө өрсөлдөөнд автахгүй гэдгээ дахин мэдэгдэж байна” гэж хэлсэн юм.
“Бид бол тусгаар тогтносон улс. Тусгаар тогтнолыг үгүйсгэж, арилжиж болдоггүй юм. Хэдийгээр Хятадын эрх баригчид ‘Нэг Хятад’ бодлогоо тулгаж, Тайваний олон улсын орон зайд дарамт үзүүлж, Тайваний ард түмний эрх чөлөөнд заналхийлж байгаа ч Бүгд Найрамдах Хятад Улс (Тайвань) тусгаар тогтносон хэвээр орших болно. Үүнийг БНХАУ хэзээ ч үгүйсгэж чадахгүй” гэж Цай Ин Вэн хэлжээ.
Тайваний эрх баригчид өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх гэж олон жил тэмцэж байгаа. Гэвч Бээжин сүүлийн арван жилд Тайваньтай дипломат харилцаатай цөөхөн орнуудыг урвуулахын тулд хөрөнгө оруулалт, санхүүгийн тусламж дэмжлэгээр хөшүүрэгдэх болсон юм. Харин Тайвань түншүүдээ хадгалж үлдэхийн тулд Бээжинтэй хөрөнгө мөнгөөр уралдахгүй гэдгээ зарлаад байгаа.
Мягмар гарагт Тайваний гадаад хэргийн яам Панам дахь элчин сайдын яамаа даруй хааж, бүх ажилтнуудаа татах болсноо мэдэгдсэн байна. 2016 оны зургаадугаар сард ерөнхийлөгчийн тангараг өргөсөн Цай Ин Вэн ердөө сар орчмын дараа Панамд айлчилж, Панамын сувгийн өргөтгөлийн нээлтэд оролцож байв. Дараа нь энэ оны нэгдүгээр сард тэр Никарагуа, Гватемал, Хондурас зэрэг төв Америкийн орнуудаар айлчилсан нь түншүүдээ хадгалж үлдэх гэсэн Тайпэйн бодлого байсан юм.
Дональд Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараахан Тайваний ерөнхийлөгчтэй утсаар ярьсан нь тус арал улсын нэр хүндийг олон улсын тавцанд өргөсөн явдал болсон. Гэвч удалгүй Трамп Ши Жиньпинтэй уулзаж, Бээжинтэй харилцаагаа сайжруулсан нь Тайпэйд томоохон цохилт болжээ.
Эх сурвалж: Business Insider