Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 6 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалаар АНУ-тай өндөр түвшний яриа хэлцээг тогтмолжуулах, улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодит алхмууд хийх болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, хэлхээ холбоог гүнзгийрүүлэх асуудлаар санал солилцож ярилцана.
Мөн Гадаад харилцааны сайд Монгол дахь Америкийн Худалдааны Танхимаас зохион байгуулах Монгол-Америкийн бизнесийн 4 дүгээр уулзалт, Хөрөнгө оруулагчдын дугуй ширээний уулзалтад оролцож, улс орныхоо эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг тогтвортой байлгах, тэдний итгэлийг сэргээх чиглэлээр авч хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлого, арга хэмжээний талаар мэдээлж, ярилцана.
Арга хэмжээнд Монголд хөрөнгө оруулалттай, хөрөнгө оруулах сонирхолтой, АНУ-тай бизнесийн хамтын ажиллагаа явуулж буй Монгол, Америкийн 50 гаруй аж ахуйн нэгж компани оролцоно.
Эх сурвалж: ГХЯ