УДБЭТ-ын тайз, тоног төхөөрөмжийг шинэчилнэ

568
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа өчигдөр Австри Улсын Элчин зөвлөх, Австрийн соёлын форумын дарга Арнолд Обермаяарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын соёл, боловсролын хамтын ажиллагааг цаашид хэрхэн өргөжүүлэх мөн УДБЭТ-ын тайз, тоног төхөөрөмжийг шинэчлэх асуудлаар санал солилцлоо.
Соёл урлаг тэр дундаа сонгодог урлагийн салбарт ойр нягт харилцаатай явж ирсэн Австри, Монголын харилцаа өргөжин тэлж буйд сэтгэл дүүрэн байгаагаа салбарын сайд Ц.Цогзолмаа онцлоод энэ удаад Элчин зөвлөхтэй биечлэн уулзаж соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцох завшаан тохиож байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.
Дэлхий дахинаа сонгодог урлаг, дуурийн урлагаар алдартай Австри Улстай Монгол Улс нь урлаг, соёл, боловсролын салбарт ойр нягт хамтран ажилласаар ирсэн. Тухайлбал, Австрийн соёлын өдрүүдийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг, урлаг хөгжмийн салбарт суралцдаг оюутнуудад түлхүү Засгийн газрын тэтгэлэг олгодог, түүнчлэн Богд хааны музей, Соёлын өвийн төв, УДБЭТ зэрэг соёл, урлагийн байгууллагуудтай өндөр түвшинд хамтран ажиллаж буйг Элчин зөвлөх Арнолд Обермаяар онцлоод тус улсын тэргүүлэх компаниудын нэг ‘Ваагнер Биро’ компанийн Азийн борлуулалтын дарга Хесүс Изабелыг танилцууллаа.
 160 гаруй жилийн түүхтэй ‘Ваагнер Биро’ компани нь соёлын салбарт бүтээн байгуулалт хийдгээрээ улсдаа төдийгүй олон улсад тэргүүлдэг бөгөөд ОХУ, БНХАУ зэрэг олон орны соёлын объектууд ялангуяа театрын тайз, тоног төхөөрөмж, сэргээн засварын ажлуудыг хийж байжээ. Энэ удаад Австри Улсаас манай улсад үзүүлж буй хөнгөлөлттэй зээлийн хүрээнд УДБЭТ-ын тайз, тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг эрчимжүүлэх асуудлаар салбарын сайдтай санал солилцлоо.
Соёл, урлагийн бодлогыг дэмжих чиглэлээр ялангуяа түншлэгч байгууллагуудтай бодлогын түвшинд хамтарч ажиллан, үйл ажиллагааны хүрээг агуулгаар нь баяжуулах сонирхолтой байгаагаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа хэлээд УДБЭТ-ын тайз, тоног төхөөрөмжийг шинэчлэх ажилд салбар яамны зүгээс дэмжлэг үзүүлж, эрчимжүүлэхэд анхаарахаа илэрхийллээ.