Хүүхдийн баярын өмнөх өдөр УИХ-ын гишүүд нийлж байгаад БСШУС-ын сайд Ж.Батсуурийг үүрэгт ажлаас нь огцрууллаа. 29 дүгээр тусгай сургуулийн асуудлыг шийдэж чадаагүй, 12 дугаар ангийн математикийн улсын шалгалтын хариу задарсан зэрэг боловсролын салбарт удаа дараа зохисгүй үйл ажиллагаа болж, салбарын нэр хүнд унаж байгаа гэж Ерөнхий сайд үзсэн юм. Түүний хүсэлтийг их хурлын гишүүд ёсчлон гүйцэлдүүлснээр энэ засаг муу нэртэй нэгэн сайдаасаа салж амрав. Үүнийг сонгууль угтсан шоу гэж хардах нэгэн байгаа. Үнэн, худлыг мэдэх арга алга. Гэхдээ ажлаа хийж чадахгүй бол цаг алдалгүй огцруулж чадаж байгаа нь сайшаалтай.
Үнэндээ Ж.Батсуурийг сайдын сэнтийд залрах үед боловсролыг салбарт болохгүй, бүтэхгүй зүйл дэндүү их байсан тул огцорсонд нь харамссан хүн бараг үгүй байх. Гэхдээ Ж.Батсуурь ажлаа өгөх ёстой хамгийн эхний сайд мөн үү гэвэл асуудал өөрөөр яригдана.
Хариуцлага хүлээх нь байтугай бусад руу буруугаа чихээд хэнэг ч үгүй суудаг сайд ч байна
МАН анх сонгуульд өрсөлдөхдөө мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж амласан. Гэвч олонх болсон хойноо амлалтдаа хүрч чадаагүй нь томилсон сайд нарынх нь хийж буй ажлаас харагдана. Ажлаа мэддэггүй, дүлэгнэсэн, гаргасан шийдвэрээ хамгаалж чаддаггүй хэдэн сайд энэ засгийн нэр хүндийг мөн ч их унагаж байгаа. Бас хариуцсан салбарт нь томоохон осол зөрчил гарчихаад байхад хариуцлага хүлээх нь байтугай бусад руу буруугаа чихчихээд хэнэг ч үгүй суудаг сайд ч байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болсон хээрийн сургуулилтын үеэр цэргийн хоёр алба хаагч гранатын дэлбэрэлтэд өртөн амиа алдсан харамсалтай явдал болсон. Энэ үед сөрөг хүчин Батлан хамгаалахын сайдыг огцруулах санал оруулсан ч эрх баригчид хамгаалаад үлдсэн. Уг нь энх цагт хоёр хүн амиа алдаж, найман хүн шархадсан ноцтой осол болоход сайд өөрөө буруугаа хүлээж, ажлаа хүлээлгэн өгвөл их л зөв жишиг болохсон. Гэвч Зэвсэгт хүчний жанжин штаб руу бүх буруугаа чихээд, өөрийгөө ямар ч буруугүй мэтээр хэвлэлд ярилцлага өгөөд зогсож байв. Таныг өөрийгөө өмгөөлөөд зогсож байх хооронд хөлийн есөн хуруугаа тайруулсан залуу өвчиндөө шаналж, эм тарианы ч мөнгөгүй хэцүүдэж байгааг мэдэж байсан болов уу.
Ажлаасаа гарч, өөрийн хүсэлтээр цэргийн албанд мордсон тэрбээр ээлжийн ахлагчийнхаа харгислалын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болж, амьдралаа залгуулж чадахгүйд хүрээд байгаа. Өөрийгөө хэрхэн хохирсон талаар дээд удирдлагад хүргэх гэж хичээсэн ч нуун дарагдуулсаар хэдэн сар болсныг бид сүүлд мэдсэн. Ид хийж бүтээх насны нэгэн сайхан залуу цэрэгт явсныхаа төлөө ингэж хохирчихоод байхад хариуцах албан тушаалтнууд нь нэг ч удаа ирж уулзаагүй, ямар ч арга хэмжээ аваагүй гэдгийг ярилцлагадаа хэлсэн байсан.
Ж.Баярцогт хэмээх энэ залуу medee.mn-д өгсөн ярилцлагадаа “Би зөвхөн дэд ахлагч Энхцолмонг биш цэргийн ангийн удирдагуудыг бас хариуцлага хүлээх ёстой гэж бодож байгаа. Яагаад гэвэл цэргийн алба босоо тогтолцоотой. Хэргийг нуун дарагдуулж, бичиг баримтыг маань хуурамчаар үйлдэж байгаа цэргийн байгууллага, Батлан хамгаалахын яаманд үнэхээр гомдолтой байна. Тогтоол дээр гарын үсэг зурсан дарга нар бүгд ямар учраас намайг хөлөө тайруулж, хөдөлмөрийн чадваргүй болсныг мэдэж байгаа шүү дээ. Амьдралыг минь үрснийхээ төлөө нөхөн олговор олгож, миний амьдралын баталгааг хангаж өгөх ёстой” гэсэн юм.
Энэ бол олонд ил болсон ганц л жишээ. Үүний цаана дарга нартаа элдвээр дэглүүлчихээд дуугүй өнгөрч байгаа залуус хар мянгаараа. Мэдээж дэглэлт гэдэг зүйл эр цэргийн албанд үеийн үед байсан. Гэхдээ идэр есийн хүйтэнд хөл нүцгэнээр нь гүйлгэж, хүйтэн ус бие рүү нь цацна гэдэг эрүүл хүнээс гарах үйлдэл мөн үү. Хамгийн гол нь дээд удирдлагууд асуудлыг шийдэхийн оронд нуун дарагдуулахаар хичээж байгаа нь эмгэнэл гэлтэй. Ийм л өрөвдөлтэй нөхөд батлан хамгаалахын салбараар дүүрчихээд байхад сайдынх нь толгойг илсээр байх уу.
Өндөр хөгжилтэй гаднын оронд бол хүний амь эрсэдсэн ноцтой явдал тохиолдвол сайд нь шахаж шаардуулаад байлгүй огцордог. Ажлаа хийсэн шиг хийж, хариуцлагаа хүлээсэн шиг хүлээдэг учраас тэд хөгжиж байгаа. Гэтэл манайд хариуцлага гээч зүйл алдагдаад удаж байна. Ер нь буруугаа хүлээж, сайн дураараа огцорсон сайд байдаг бил үү. Харин ч эсрэгээрээ, огцруулах тухай яригдахаар “Намайг хэлмэгдүүлж байна, би ямар ч буруугүй. Энэ бол зохион байгуулалттай ажиллагаа” гээд баахан гомдоллодог дүр зураг энгийн үзэгдэл болжээ. Сая Ж.Батсуурь сайд гэхэд өөрийг нь огцруулах, эсэхийг хэлэлцсэн чуулганы хуралдаан дээр “Би хууль зөрчиж, алдаа гаргаагүй. 29, 119 дүгээр сургуулийн асуудал, элсэлтийн шалгалтын материал задарсан зэрэг алдаа бий. Энэ бол хариуцлага тооцох эзэнтэй асуудлууд. Миний хувьд ямар нэгэн хууль зөрчиж, алдаа гаргаагүй” хэмээн ярьж байв. Бусдыг буруутгаж, өөрөө цэвэрхэн сугарч үлдэхийг хичээдэг тун танил үгс байгаа биз. Салбарын ажил урагшилдаггүй нь чухам хариуцлагын механизм дутагдсаных биз ээ.
Чадваргүй сайд ганцхан жилийн дотор салбарыг доройтуулж болдогийг бид харлаа
Цэрэг залуу хөлийн есөн хуруугаа тайруулсан мэдээний дор хүмүүсийн бичсэн сэтгэгдлүүдийг сонирхож үзлээ. “Батлан хамгаалах салбарын өнөөгийн дүр төрх энэ, хүүхдээ цэрэгт явуулах арга алга, ингээд байвал хэн хүүхдээ цэрэгт явуулахыг хүсэх билээ” гэсэн утгатай сэтгэгдэл дийлэнхийг эзэлжээ. Энэ бол цэргийн албаны нэр хүнд унаж буйн маш тодорхой жишээ. Цаашлаад цэрэгт явах залуус олдохоо боливол хариуцлагыг нь хэн хүлээх вэ. Ер нь сөрөг үр дагавар анхнаасаа гараад эхэлсэн юм биш үү. Тухайлбал, “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй залуусын тоо эрс багассан талаар албаны эх сурвалж хэлснийг анзаарахгүй өнгөрч боломгүй. Уг нь оюутан залууст цэрэг эх орны хүмүүжил олгох их зөв санаачилга байв. Гэтэл хэдэн урагшгүй даргын балгаар хөтөлбөрийн нэр хүнд үлэмж доошилжээ. Үнэнийг хэлэхэд дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчид л батлан хамгаалах салбарын нэр хүндийг авч явна. Бусдаар бол хариуцлага алдсан, мөнгө идсэн, хэргээ нуун дарагдуулсан, өөрсдийгөө өмгөөлсөн дүр зураг л харагдаад байна.
1980-аад онд цэргийн албанд зүй бус дэглэлт их байсан гэдэг юм билээ. Хүмүүс ч их шүүмжилж байв. Үр дүнд нь залуус цэргээс зугтаж, яаж ийгээд аргалаад үлдэхийг хичээх болсон. Харин үүнээс хойш байдал харьцангуй дээрдэж, тэр хэрээр цэргийн албаны нэр хүнд нэмэгдэж байгаа. Сайн дураараа цэрэгт мордох залуус ч их болсон. Энэ зэрэгт хүргэхийн тулд үе үеийн сайд нар олон жил зүтгэсэн юм шүү. Харамсалтай нь зовж босгосон бүгдийг нураах тун амархан аж. Мэдлэг чадваргүй сайд ганцхан жилийн дотор салбарыг бүхэлд нь доройтуулж болдогийг бид харлаа. Гэвч арга хэмжээ авахуулах нь байтугай сайн ажиллаж байна гэж магтуулах шинжтэй.
Ажлаа хийж чадахгүй байгаа сайдыг өмгөөлж хамгаалсаар байтал салбарт нь нүүрлэсэн асуудал улам газар авах вий. Дахин хэдэн хүн гранатад дэлбэрч, өөр хэдэн залуу хуруугаа тайруулахыг хүлээгээгүй л байлтай.
Эх сурвалж: Засгийн Газрын Мэдээ