Боловсролын сайд Ж.Батсуурийг 64.3 хувийн саналаар ОГЦРУУЛЛАА

830

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар 15 асуудал хэлэлцэх бөгөөд нэгдүгээрт БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах асуудлыг хэлэлцэж байна.

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Засгийн газар байгуулагдаад 10 гаруй сарын хугацаа өнгөрсөн боловсролын салбарт шийдлээ хүлээсэн олон асуудал байна.

Өнгөрсөн хугацаанд 29 дүгээр тусгай сургуулийн асуудал, ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн математикийн улсын шалгалтын материал задарсан зэрэг боловсролын салбарт удаа дараа зохисгүй үйл ажиллагаа болж, салбарын нэр хүнд унаж байгаад нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах сайдын хангалтгүй ажилласантай холбоотой гэж Ерөнхий сайд үзэж байна.

Б.Пүрэвдорж: Огцруулах үндэслэл нь хангалтгүй байна. Сайд бол бодлого боловсруулдаг. Яамны өдөр тутмын үйл ажиллагааг Төрийн нарийн бичгийн дарга удирддаг.

Ж.Батсуурь сайд төгсөлтийн шалгалттай холбоотой оновчгүй шийдвэр гаргасан. Тус яаманд Засгийн газраас томилогдсон ажлын хэсэгт шалгалт хийхэд яамны удирдлагууд хоорондоо зохицож ажиллаагүй, яамны ажил цалгардсан байсан. Иймд яамны ажлыг сайжруулах үүрэг даалгавар өгсөн боловч үр дүнтэй ажиллаж чадаагүй гэж Ерөнхий сайд үзлээ. Асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэж өгнө үү гэв.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Алдаа дутагдал гаргасан сайдад хариуцлага тооцох нь зөв. Ер нь энэ яамны ажил болохгүй байна. Зөвхөн салбарын сайд биш Төрийн нарийн бичгийн дарга, яамны аппаратынхан муу ажиллаж байна. Яамнаас ирж байгаа бичиг баримтын боловсруулалт маш муу байдаг. Цаашид энэ тал дээр анхаарч, яамны ажлыг сайжруулмаар байна.

Ч.УЛААН: САЙДААС НЬ ГАДНА ЯАМНЫ АППАРАТЫНХАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ

Ч.Улаан: Хариуцлага ярина гэдэг илээд өнгөрөхтэй адилгүй шүү. Яамныхаа сайдын бодлого, үйл ажиллагааг дэмжиж ажилладаггүй аппаратуудад ямар хариуцлага тооцох гэж байна. Өмнө нь Батлан хамгаалахын дэд сайдыг огцруулаад, цаана нь үүр уурхай нь хэвээрээ үлдсэн учир юу ч өөрчлөгдөөгүй гашуун сургамж бий шүү. Яамны Төрийн нарийн бичгийн дарга сайдтайгаа зохицож ажиллахгүй байгаа бол бас хариуцлага тооцох ёстой. Үүнийг яаманд нэлээд том өөрчлөлт орно гэж ойлгож байна.

Ж.Мөнхбат: Энэ салбарт ажил хариуцаж, алдаа гаргасан яамны түвшинд хариуцлагын асуудал яригдана. Цаашлаад БСШУС-ын яамны алдаа гаргасан хүмүүст хариуцлага тооцно.

А.Сүхбат: Сайдыгаа дэгээдэж унагаадаг яамны аппаратынханд бас хариуцлага тооцох хэрэгтэй шүү дээ. Бусад яамдууд ямар ч алдаа дутагдалгүй ажиллаж байгаа юм уу.

Ж.Мөнхбат: ЗГХЭГ-аас Ажлын хэсэг гарч яамдуудад шалгалт хийж байгаа. алдаа дутагдал баөйвал сайдыг огцруулах хүртэл хариуцлага тооцно. Боловсролын салбарын тухайд асуудал газар авч, Монгол Улсад анх удаа улсын шалгалтыг дахин авч байгаа нь салбарын нэр хүндэд муугаар нөлөөллөө. Үүнд эцэг, эхчүүд, сурагчид маш их бухимдаж байна. Ганцхан сайдтай хариуцлага тооцоод зогсохгүй, бусад хүмүүстэй шат шатанд нь хариуцлага тооцно гэв.

Гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараа үг хэлж байна.
Ч.Улаан: Баг нь Батсуурь сайдыг хүлээж авсангүй юү, Батсуурь багтаа орж ажиллаж чадсангүй юү. Яаманд өнөөдрөөс эхлээд таньдаг дарга сайдууд руугаа ярьж эхэлнэ. “Манай яаманд шалгалт орох гэж байна шүү, надыг хамгаалаарай” гэж эхэлдэг. Төрийн ажлыг ингэж хийдэг болоод байна. Байнгын хороод яам, яамныхаа үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч ажиллөа болсон гэж бодож бйна.

Б.Пүрэвдорж: Огцруулах үндэслэл нь хангалтгүй байна аа. Сайд бол бодлого боловсруулдаг. Яамны өдөр тутмын үйл ажиллагааг Төрийн нарийн бичгийн дарга удирддаг. Батсуурь сайд төлбөр төлөөгүй учир огцорлоо л доо. МАН сонгуулийн мөнгөө босгохын тулд мөнгө төлөөгүй хүнээ огцруулж байна, мөнгө төлсөн хүндээ хариуцлага тооцохгүй байна.

Хамгийн ядарсан хүнээсээ барьж авч байна. Ж.Мөнхбатын өрөөний хажуугаар би дандаа явдаг. Дандаа албан тушаал худалдах тухай яриа тэнд болдог. Хариуцлага тооцох нь зөв, хариуцлага тооцож байгаа арга хэлбэр чинь буруу байна.

Д.Тэрбишдагва: Монгол төр зүтгэсэн хүндээ хатуу байдаг гэж Нийгмийн хамгааллын сайдаас огцрохдоо одоо талийгаач Л.Одончимэд сайд хэлж байсныг санаж байна. Одоо яамнуудад сайдынхаа үгэнд ордоггүй түшмэд олон бий. Сайд үүрэг өгдөг, сайдынхаа үүргийг биелүүлэггүй, эзэндээ очиж ховлодог.
Зөв жишгийг буруу хүнээс эхлүүллээ. Бүхэл бүтэн аймаг удирдсан, УИХ-д хоёр удаа суудал авчирсан хүнээ нам хаячихгүй юм байгаа биз дээ. Бусад яамдад ч ялгаагүй, хариуцлага тооцсон шиг тооцоорой.

Д.Эрдэнэбат: Ж.Батсуурь сайдыг би мэднэ ээ. Батсуурь сайд угаасаа номхон хүн, номхон хүнийг ноолоход амар гэгч болж байна.

С.Жавхлан: Та нар минь намайг Төрийн ордонд ирдэггүй, ажлаа хийдэггүй гэлээ. Тэгвэл би Төрийн ордноос гарахгүй, өрөөндөө суухаар шийдлээ. Би төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлсэн, шаардлагынхаа хариуг автал өрөөнөөсөө гарахгүй. Маргааш хүүхдийн баяр болно.

Шаардлагынхаа хариуг авч чадахгүй бол миний хүүхдүүд баяраа аавгүй тэмдэглэх болж байна гэхэд УИХ-ын дарга М.Энхболд түүнээс “Ямар шаардлага хүргүүлсэн юм бэ?” гэж асуув. С.Жавхлан гишүүн үгээ хэлээд, “Би өрөөндөө очиж суулаа. Би ажил таслаагүй шүү” гэж хэлээд чуулганы танхимыг орхив.
Д.Эрдэнэбат: Энэ асуудлыг үгүй мөн шуурхай шийдэж байна даа. Эндээс МАН нэгийгээ шахан зайлуулдаг юм байна гэдгийг харж байна. Батсуурь сайдыг би мэднэ ээ. Батсуурь сайд угаасаа номхон хүн, номхон хүнийг ноолоход амар гэгч болж байна.  Хариуцлага тооцъё гэвэл Батлан хамгаалах яаманд хүний амьтай холбоотой, эрүүл мэндийн яаманд, сангийн яаманд ч асуудал байгаа.

Ардын намынханд би нэг юм хэлье. Дараагийн сайдаар давхар дээлтэй хүнийг оруулахгүй шүү. Хэрэв давхар дээлтэй сайд ирвэл МАН нэгийгээ бүлэглэж, шахлаа, улстөрийн хавчлагад орлоо гэсэн дүгнэлтэд хүрнэ шүү.  Номхон нэгийгээ улс төрийн бодлогын хүрээнд огцруулж байгаа учир би үүнтэй санал нэгдэхгүй байна. Маргааш эх үрсийн баярын өдөр. Хариуцсан сайдгүй эх үрсийн баяр болно. Хэн нь хүүхдүүдийнхээ өмнө гарч үг хэлэх вэ.

Ж.Мөнхбат: Намайг ямар албан тушаал хэдэн төгрөгөөр зарсныг нотолдог газар нь нотолно. Таныг гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа гаргасан алдаа гаргаж, хэнээр аргалуулсныг чинь Монгол даяараа мэдэж байгаа. Энэ асуудлыг чинь харин хуулийн байгууллагаар шалгуулах болсноо хариуцлагатайгаар мэдэгдье.

Байнгын хорооны саналаар БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах асуудлаар санал хураалт явуулахад 42 гишүүн оролцсоноос 27 нь дэмжсэнээр албан тушаалаас нь огцрууллаа.