Туркийн “Turkish Airlines” компанийн Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоц өчигдөр 16 цаг орчим саатаж, өнөө өглөө 04 цагт нислэгээ хэвийн үргэлжлүүлсэн байна. Тухайн авиа компанийн онгоц саатсан шалтгаан нь сэжиг бүхий Сирийн нэг иргэн манай улсад нэвтрэхийг завдсаныг Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын ажилтнууд илрүүлж буцаан явуулахтай холбоотой юм байна. Тодруулбал тухайн онгоцоор ирсэн Сирийн 1 иргэнийг шалгахад сэжигтэй байж болзошгүй нь илэрч түүнд буцаж явахыг зохих журмын дагуу тавихад шаардлагыг эсэргүүцэн улмаар өвдсөн мэт аашилсан байна. Үүнтэй холбоотойгоор “Turkish Airlines” компанийн онгоцны багийнхан тухайн этгээд эрсдэлтэй тул буцаан авч явахаас татгалзсан ба эсвэл хянагчтай явахыг шаардсанаар уг нислэг саатсан байна. Албан бус эх сурвалжийн мэдээллээр тухайн Сирийн иргэн нь терроризмын сэжиг бүхий этгээд байж болзошгүй аж.
Сүүлийн үед Сири иргэд Монгол руу ямар нэг аргаар нэвтрэхийг санаархах болсон нь анхаарал татаж байгаа асуудлын нэг юм. Өөрөөр хэлбэл терроризмын аюул занал өндөр эрсдэлтэй орноос ирэгсэд тэдний тоо олшрох нь манай улсын аюулгүй байдалд тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой юм. Мөн Турк улс нь терроризмын эрсдэлтэй бүсэд хамаардгийн сацуу дотооддоо бослого үймээн ихтэй, хэт даварсан байгууллага, бүлгийн хоорондын тэмцэл хурцадмал байдаг. Үүнийг 2016 оны 7 дугаар сард төрийн эргэлт хийхээр санаархсан үйлдэл тодоос тод баталж байгаа.