Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь манай улсад албан ёсны айлчлал хийхээр ням гарагт хүрэлцэн ирсэн билээ. Вьетнамын Дэд ерөнхийлөгчийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх Н. Чимгүүндарь, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фан Данг Дыонг болон албаны бусад хүмүүс угтан авсан юм.
Харин өчигдөр туүний албан ёсны айлчлал эхэлсэн бөгөөд Дэд ерөнхийлөгчийг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авч, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Мөн Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь Төрийн ордонд морилон“Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурсан юм. Ёслолын дараа талууд хэлэлцээрт орсон юм. Дараа нь Монгол Улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Вьетнам улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. Энэхүү санамж бичиг нь салбарынхаа хамтын ажиллагааг зохицуулахад чиглэж байгаа бөгөөд Монгол Улсад үйлчилж байгаа баримт бичгүүд Вьетнамын баримт бичгүүд харилцан хүлээн зөвшөөрөгдөх аж.
Түүнчлэн хоёр талдаа илгээж байгаа оюутнуудад үзүүлж буй нийгмийн халамж үйлчилгээний асуудлыг ч харилцан тусгасан аж. Ийнхүү хэлэлцээр хийсний дараа хоёр тал ямар салбарт хамтран ажиллахаар тохиролцоонд хүрсэн талаар Ц.Мөнх-Оргил сайд мэдээлэл өгөв. Тэрбээр, “Хоёр улс нэгдүгээрт, цэрэг батлан, хамгаалах тусгай байгууллагууд буюу хүчний байгууллагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлье гэлээ. Монгол Улс Зүүн өмнөд Азидаа Вьетнамыг түшиц улсаа болгож, хөгжүүлэх сонирхолтой байна.
Вьетнам улсын хувьд энэ жил АПЕК-ийг даргалж байгаа. Монгол Улс АПЕК-тай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн тулд Вьетнамыг тусалж, дэмжиж ажиллаач гэдэг хүсэлт тавьж байна. Хоёр дахь гол асуудал бол худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх. Вьетнамтай хийж байгаа Монгол Улсын худалдаа маш бага буюу жилдээ 45 сая доллар байна. Гэтэл бололцоо маш их байна. Вьетнамын талаас ч Монголын талаас ч худалдаагаа нэмэгдүүлэх сонирхол их байдаг.
Тийм учраас өнгөрсөн дөрөвдүгээр сард хоёр улсын хооронд нэг чухал гэрээнд гарын үсэг зурсан. Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.Ингэснээр Монголын мах, махан бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг Вьетнамын зах зээлд нийлүүлэх үндэс тавигдсан. Вьетнам улс Монгол Улсаас ямааны мах импортлох сонирхолтой байдаг юм байна, халуун орон учраас.
Ажил ч эхэлсэн. Монголын 4-5 махны үйлдвэрийг Вьетнамын тал Засгийн газрын төвшиндөө хүлээн зөвшөөрч, эхний ачилт хийгдсэн байна. Энэ бол туршилтын ачилтууд. Энэ жил 20 тонн ямааны мах экспортлох зорилт тавьсан байна. Вьетнам жилдээ 200 тонноос ч илүү ямааны мах, ноолууран бүтээгдэхүүн ч илүү импортолъё гэдэг сонирхлоо илэрхийлж байна. Зөрүүлээд бид Вьетнамаас бэлэн бүтээгдэхүүн түүн дотроо радио электрон, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн авах бололцоотой. Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн нь гүн хөлдөөсөн. Бид эндээс гүн хөлдөөсөн махан бүтээгдэхүүнээ экспортолно.
Түүнчлэн Монгол Улс аялал жуулчлал, оюутан солилцоонд ихээхэн анхаарал хандуулж байна. Өнөөдрийн байдлаар Монголын 60 гаруй оюутан Вьетнамд суралцдаг, Вьетнамаас Монголд 30 гаруй оюутан суралцаж байна. Хоёр талдаа тэтгэлэг олгодог. Хэлэлцээрийн үеэр сая оюутны тоог нэмэгдүүлэхгүй, тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлье,
салбаруудаа илүү анхааръя гэдэг тохиролцоонд хүрлээ. Хөдөө аж ахуйн салбар дээр онцгой анхаарч хамтын ажиллагаагаа хөгжүүлье гэсэн тохиролцоонд хүрсэн” хэмээлээ. Дэд Ерөнхийлөгч хэлэлцээний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын даргад бараалхаж хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.