Х.Булгантуяа: Эдийн засагт эрчимт эмчилгээ хийх үүрэг бидэнд ногдоод байна

638

3fea0eb38a6f0079original_500x500

Сангийн дэд сайд Х.БУЛГАНТУЯАТАЙ ярилцлаа. ­

-Сайд нар ажлаа хүлээж аваад хоёр сар гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ хооронд ямар ажил амжуулав. Энэ оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийн төсөөлөл гээд ажил ундарч байгаа байх?

-Сайднаражлааавсанхоёр сарын хугацаанд салбартаа дүн шинжилгээ хийхээс гадна зарим бодлогын өөрчлөлт, баримт бичиг дээр сууж байна. Салбар бүр төсөв мөнгөний хүндрэл, улс төр дагасан янз бүрийн шийдвэрээс үүдэн асуудал ихтэй байна. 2017 оны төсөв өргөн барих цаг тулчихсан байна. Сангийн яам энэ хоёр сарын хооронд 2015 оны төсвийн гүйцэтгэл, 2016 оны төсвийн тодотголыг УИХаар хэлэлцүүлж батлууллаа. Мөн, 2017 оны төсвийн төсөөлөл, төсвийн хүрээний мэдэгдэл зэргийг боловсруулж өргөн барихад бэлэн болгоод байна. Үүнээс гадна, хөрөнгө оруулагчид, хөрөнгө оруулалтын шинжээчидтэй уулзаж Монголын эдийн засгийн талаарх мэдээ, мэдээллээр хангахад онцгой анхаарч байна. Энэ бол бид хөрөнгө оруулагчдынхаа өмнө хүлээдэг том үүрэг. Гэтэл энэ оны гуравдугаар сараас хойш манай улс сонгуульд хамаг анхаарлаа хандуулаад энэ ажлаа хойш тавьсан. “Бид өнөөдөр танай улсад маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийчихээд байхад танай улс юу болж байгаагаа хэлэхгүй, бидэнд мэдээлэл дутуу дулимаг байна” гэдэг шүүмжлэл их байна. Үүний үр дүнд манай зээлжих зэрэглэл ч буурлаа. Ямар ч мэдээлэлгүй, таг чиг болно гэдэг бол хөрөнгө оруулагчдад айдас хүйдэс бий болгох нь ойгомжтой.

-Сайд нар хүлээж авсан салбарынхаа талаарх мэдээллийг өгч байх хэрэгтэй гэдэг чиглэлийг Засгийн газраас барьж байгаа. Энэ нь мэдээж ажлаа хаанаас эхлээд хаана хүргэв гэдэг үр дүнг тодорхойлох гэснийх байх. Улсын төсөв хөрөнгө баздаг яамыг хүлээж авахад гол үзүүлэлтүүд ямар байдалтай байв? ­

-Сангийн сайд ажлаа аваад удаагүй байхдаа Монгол Улсын төсөв санхүүгийн талаар мэдээлэл хийсэн. Тоон мэдээллүүдээс харахад Монгол Улсын эдийн засаг үнэхээр сүүлийн хэдэн жилд байгаагүй, хүнд нөхцөлд орсон нь тодорхой. Бид ч өөрөө өөрсдийгөө ингэж дүгнэж байгаа юм биш, олон улсын байгууллагууд, бусад улс орнууд биднийг ингэж харж байна. Жишээлбэл, Олон улсын Global Times сонинд“ Монгол Улсын мөнгөн тэмдэгт чөлөөт уналтаар унаж, тус улсыг Венесуэлийн араас орж эдийн засаг нь нуран унахын ирмэгт тулах нь уу гэдгийг ажиглагчид харж байна” хэмээн манай улсын нөхцөл байдлыг хатуухан дүгнэн бичсэн байсан. Ер нь сонгуулийн өмнө л эдийн засаг хэвтрийн байдалд орлоо гэж ярьж байсан. Эдийн засагтаа эрчимт эмчилгээ хийгээд босгож ирэх үү эсвэл тэр чигээр нь тавиад туухуу гэдэг бол ганц Сангийн яам биш Засгийн газар, УИХ, бүх Монголчууд биднээс хамаарч байна. Улс орны төсөв санхүү, эдийн засгийн эрүүл байдал бол улсын аюулгүй, бүрэн эрхт байдалд нөлөөлөхүйц том хүчин зүйл. Хятадын эдийн засгийн хөгжил удааширсан болохоор Монгол Улсын эдийн засаг хүндэрсэн гэж зарим нь тайлбарлаж байна. Гэтэл Хятадыг тойрон байгаа арав гаруй улсаас эдийн засгийн өсөлт хамгийн муу нь Монгол. Пакистан энэ онд 4.5, Бутан 6.4 хувийн өсөлттэй байна гэж үзэж байхад манай улсын энэ онд 1.6 хувийн л эдийн засгийн өсөлттэй байхаар байна. Нийгэм нь тогтворгүй, байсхийгээд л бөмбөг дэлбэрлээ, халдлагад өртлөө гэдэг улс орнуудаас ч бид доор байна. Үүний шалтгааныг бид өрөөлөөс хайх биш харин өдийг хүртэл явуулсан олон алдаатай бодлого гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

-Улс төрийн хямрал ч бас үүнд тодорхой нөлөө үзүүлсэн байх л даа?

-Эдийн засгийн хямралыг зарим гадаад нөхцөл өдөөснийг үгүйсгэхгүй. Дотоодын засаглалын болон бодлогын хямрал бүр хүнд байдал руу аваачсан. Уул уурхайгаас эдийн засаг нь шууд хамааралтай Канад, Австрали манайх шиг арван хэд дахин хувиар эдийн засаг нь унаагүй.

-Төсөв ингэтлээ хүндэрснийг өнгөрсөн дөрвөн жилд засгийн эрх барьсан АН-ын алдаатай бодлоготой холбон тайлбарлаж байгаа. Гэтэл нөгөө талдаа энэ дөрвөн жилд МАН ч бас засаг барилцсан. Тиймээс хариуцлагыг хамтад нь ярих ёстой гэдэг зүйлийг яриад байгаа. Үүнд та ямар тайлбар хийх вэ?

-Өнгөрсөн дөрвөн жилд МАН парламентын гуравны нэгийг бүрдүүлж байсан. Гэхдээ засагт хамтраад 6-7-хон сар болсон намтай бүтэн дөрвөн жилийн алдааг хамруулж ярина гэдэг утгагүй. МАН цөөнх байх үедээ Монгол Улс нэг биш 4-5 төсөвтэй болж олон улсын дагаж мөрддөг жишгээс төсөв санхүүгийн бодлого гажчихаад байна шүү гэдгийг сануулж байсан. МАН засагт хамтарч байхдаа тодорхой өөрчлөлтүүдийг ч зоригтой хийсэн. Өнгөрсөн хугацаанд эрх баригчид энэ олон бонд, зээлийн мөнгийг төсвөөс гадуур олон нийтэд бүү хэл УИХ-д мэдээлэхгүй үрэн таран хийгээд дууссан. Төлөх болохоор татвар төлөгчид бид өнөөдөр төлөх үүрэг хүлээж байна. Энэ байдлыг Ж.Эрдэнэбат /тухайн үеийн/ Сангийн сайдаар ажиллаж байхдаа шүүмжилж “Чингис” бонд зэрэг төсвөөс гадуурх зарлагыг төсвийн бүрэлдэхүүн хэсэг болгосон. Мөн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй Хөгжлийн банкнаас санхүүжих төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг 2015 төсвийн хуулиар хуульчлан баталж өгсөн. Мөн бид Эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөрийг ихээхэн мэтгэлцээн, маргалдааны үр дүнд батлуулсан. Өөрөөр хэлбэл, өдий болтол эдийн засаг хямарсан гэдгийг тухайн үеийн эрх баригчид хүлээн зөвшөөрөхгүй байсан гэсэн үг. Энэ хугацаанд, төсвийн ажил үйлчилгээ гүйцэтгээд мөнгөө авч чадаагүй 100 шахам аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг шийдвэрлүүлсэн. Засгийн газрын зарим тусгай санг татан буулгаж, чиг үүргийн давхардлыг яам, агентлагт нь хариуцуулахаар болсон. Хоёр оронтой тоонд байсан инфляц 2015 оны есдүгээр сарын байдлаар 4.9 хувь болж буурсан, 15-20 гаруй хувийн хөдөлгөөнтэй байсан валютын ханш 2015 оны эхнээс 5.7 хувийн хөдөлгөөнтэй болсон зэрэг дотоод зах зээлийн эерэг дохио тухайн үед МАН засагт хамтарч байх үед гаргасан олон зөв шийдвэрийн үр дүнд ажиглагдах болсон гэдгийг сануулах нь зүйтэй.

-Монгол Улс 4-5 төсөвтэй болчихсон байсан, үүнийг нэгтгэлээ гэдэг зүйлийг танай намынхан яриад байгаа. Манай уншигчдад мэдээлэл хүргэх үүднээс тодорхой тайлбар хийж болох уу. Яаж яваад төсөв тэгтлээ олон хэсэг болчихсон юм бэ?

-2012 оноос саяхныг хүртэл төсөв мөнгөний нэгдмэл бодлого алдагдсан. Улсын төсөв, “Чингис”, “Самурай” бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Хөгжлийн банк гэх олон төсөвтэй болсон байсан. Дээр хэлсэнчлэн, Ж.Эрдэнэбат Сангийн сайдаар ажиллаж байх үедээ энэ байдлыг зогсоож төсвөөс гадуур зарцуулагдаж байсан төсөл, хөтөлбөрийг төсөвт нэгтгэсэн. Гэтэл МАН засгаас гарсны дараа Ч.Сайханбилэгийн Засгийн газар мөн л энэ байдлаа үргэлжлүүлсэн. Сонгуулийн өмнөхөн “Сайн” нэртэй хөтөлбөрүүдийг төсөв баталснаас хойш буюу 2016 оны хоёрдугаар сараас хойш төсвийн гадуур, Засгийн газрын бонд гаргаж хэрэгжүүлсэн. Үүнд 543 тэрбум төгрөг зарцуулчихсан байна. Төсвийн тогтвортой байдлын тухай болон Өрийн удирдлагын тухай хуулийн зүйл заалтаар бол Монгол Улсын төсөвт тусгасан төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхийн тулд Засгийн газрын бонд гаргаж болдог. Бүр л онцгой байдал зарлачихаагүй бол үүнээс гадуур аливаа төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхийн тулд Засгийн газрын бонд гаргах нь хууль зөрчсөн явдал. Тэгэхээр хэдхэн сарын өмнө төсвөө баталчихаад төсвөөсөө гадуур дахиад ийм том хэмжээний зарлага гаргасан байна. Дээрээс нь 670 гаруй тэрбум төгрөгийн вексель буюу өрийн бичиг бичсэн байна. Бас л төсвийн гадуур. 70 гаруй тэрбум төгрөгийн концесс биччихсэн байна. Энэ мэтчилэн тооцоод үзвэл Монгол Улсын төсвөөс гадуур бараг хоёр их наяд төгрөгийн зардал гаргасан байсныг сая 2016 оны төсвийн тодотголоор нэмж оруулж ирлээ. 2016 оны төсөв их хэмжээний алдагдалтай гарсны учир энэ. Улсын төсөв хүнд байсан ч гадуур өрнөсөн зүйлүүдийг бид гаргаж ирж тооцох л ёстой. Төлөх нь үнэн учраас.

-Тэгэхээр одоо төсөв нэг талдаа гарч цэгцэрсэн гэж ойлгож болох уу?

-Энэ удаагийн төсвийн тодотголд дээр дурдсан төсвөөс гадуурх зарцуулалтуудыг нэгтгэн оруулж төсвийн нэгдмэл байдлыг хангасан. Энэ бол олон улсын жишиг. Төсвөөс гадуур зарцуулсан энэ их зардлыг тусгасан учраас 2016 оны төсөв маш их алдагдалтай, хүнд төсөв болж гарч ирснийг хэлэх хэрэгтэй. Цаашлаад 2017 онд ч гэсэн үүний муу үр дагавар гарч таарна.

-Хөгжлийн банк ч мөн төсвийн гадуурх төсөв болчихсон гэх шүүмжлэл өнгөрсөн хугацаанд их өрнөсөн. Таны ярианд ч мөн дурдагдлаа. Ингэж цоллуулж байсных нь гор уу гэлтэй удирдлагуудыг нь төдийгүй салбар хариуцаж байсан сайдтай нь АТГ-аас шалгаад эхэллээ. Мэдээж дэд сайдын хувьд энэ талаар танд мэдээлэл байгаа байх. Ямар асуудал үүссэн учраас ингэж олноор нь шалгаад эхлэв ээ?

-Засгийн газраас үүрэг даалгавар өгснөөр Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсэг гараад ажиллаж байна. Хуулийн дагуу шалгалтын үр дүн гартал бид мэдээлэл задруулж болохгүй. Өнөөдөр жирийн иргэд бүү хэл, УИХ, Засгийн газрын гишүүд хүртэл “Чингис”, “Самурай” бонд, “Дим Сам” бонд гэх мэт энэ их өр, зээлийг хааш нь ямар зүйлд зарцуулсныг мэдэхгүй байна. Гэтэл Монгол Улсыг 20 гаруй их наяд төгрөгийн өрөнд оруулан байж авсан бондын мөнгөө юунд зарцуулчихав гэдэг гомдол шүүмжлэл маш их ирж байна. Энэ нь ч аргагүй, их хэмжээний өр тавьсан атлаа ганц том үйлдвэрийг ашиглалтад оруулсангүй. Ажлын байрыг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөр гэж өрнүүлсэнгүй. Ямартай ч эдгээр эрх бүхий албан тушаалтны гэм буруутай эсэхийг хууль хяналтын байгууллага тогтоох эрхтэй.

-Төрийн сан мөнгөгүй болсон гэх мэдээлэл яваад байна. Энэ үнэн үү, ер нь Сангийн яам цалин тэтгэвэр гэх мэт тогтмол олгодог зардлуудаа тавьж чадахгүй хэмжээнд хүрчихээгүй биз дээ?

-Төрийн санд тодорхой хэмжээний мөнгө байлгүй яахав. Бид төрийн албан хаагчдын цалинг цаг тухайд нь олгоод явж байгаа. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө гацсан байсныг төсвийн тодотгол батлагдсаны дараа нэгдсэн байдлаар олгосон. Бид энэ оныг дуустал цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, оюутны 70200, автобусны билетын хөнгөлөлт гэх мэтчилэн 2016 оны төсвийн тодотголд тусгасан бүх санхүүжилтээ хийнэ. Төсвийн тодотголын талаар нийгэмд ташаа ойлголт өрнөөд байх шиг байна л даа. Жишээлбэл, хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд олгохоор болсныг хүүхдийн мөнгөний 60 хувийг олгоно гэх мэт зөрүү ойлголт байна. Хүүхдийн мөнгөний хувьд олгох журамд нь тодорхой өөрчлөлт оруулж байгаа учраас жоохон саатсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Мөн оюутны сургалтын зээл, 70 мянга, автобусны хөнгөлөлт зэргийн талаар МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ч туссан. Үүний дагуу 90 тэрбумын боловсролын зээлийн санг байгуулсан. Олгох журмыг БСШУСЯ-наас боловсруулаад удахгүй Засгийн газраар хэлэлцэн баталсанаар оюутнуудад төрөөс олгодог хөнгөлөлтүүд ч хүрч эхэлнэ.

-Төсвийн тодотголын үеэр төрөөс зорилтот бүлэгт хүртээдэг халамжуудын талаар та байр сууриа илэрхийлсэн байсан. Бүх цаг үед халамж авч байгаа нь буруу гэх утгатай зүйл хэлснийг тань сошиалаар нэлээд баалсан л даа. Тэр яг юу болсон бэ?

-Миний ярианаас тасдаж аваад шүүмжилсэн байна лээ. МАН-ыг хавтгайруулсан нийгмийн халамж олгодог гэж шүүмжилдэг байсан, одоо ч зарим хүн шүүмжилж байгаа байх. “Эдийн засаг хүнд байгаа үед нийгмийн халамж хамгааллыг яг зорилтот хэсэгт л өгье, ингэхгүй бол цалин, тэтгэврээ тавихад ч хэцүү байна” гэдэг зүйлийг л би ярьсан. Орон сууцны таван хувийн зээл, хамтын тэтгэвэр зэрэг судалгаа, тооцоо муу, сонгуулийн амлалтыг Монголын төр санхүүжүүлээд явахад амаргүй болчихоод байна. Үүний оронд бид төрийн үйлчилгээний чанарыг яаж сайжруулах вэ гэдэгт анхаарал хандуулах хэрэгтэй. Цаашлаад хүүхдээ цэцэрлэгт өгөх гээд өдөр шөнөгүй дугаарлаж байгаа хүнд сарын 20 мянган төгрөг хэрэгтэй юү эсвэл цэцэрлэг чухал уу. Сарын 20 мянган төгрөгөөр хүүхдээ цэцэрлэгт өгч чадахгүй нь ойлгомжтой. Харин арай боломжтой 40 хувьд нь өгөх хүүхдийн мөнгийг түр хойшлуулаад цэцэрлэгийнхээ тоог нэмье гэж бид зорьж байна.

-Төсвийн тодотголын хүрээнд татвар нэмэх шийдлийг Засгийн газраас оруулж ирсэн ч хамгаалж чадсангүй. МАН олон нийтийн шүүмжлэлийг хүлээж аваад татвар нэмэх төслөө буцаан татсан нь сайшаалтай ч нөгөө талдаа архи, тамхи, алтын татварыг нэмэх нь зөв байсан гэдгийг зарим эдийн засагч хэлээд байгаа. Цаашдаа 2017 оны төсөвт магадгүй энэ саналуудыг оруулж ирэх үү?

-Татвар нэмэх бол амаргүй асуудал. Гэхдээ онцгой хэрэглээ буюу архи, тамхи нийгэмд маш их сөрөг үр дагавартай учраас нэмэхэд буруудахгүй. Ялангуяа гаднын жишгээр архи, тамхины үнийг таван хувиар нэмэхэд хэрэглээ 10 хувиар хумигддаг гэх тооцоолол бий. Тэгэхээр энэ сөрөг хэрэглээг хянахад татварын бодлого байх ёстой. УИХ, намын бүлгээр дэмжигдээгүй татвар нэмэх төслийг 2017 төсөвт оруулж ирэхгүй. Гэхдээ Монгол Улс бодлогын хэмжээний томоохон өөрчлөлт хийх хэрэгтэй байгаа нь үнэн. Үүнийг хийхийн тулд мэдээж цаг хугацаа хэрэгтэй. Эдийн засаг хүнд байгаа үед бид цалин тэтгэвэр гэх мэт нийгмийн халамжуудыг танах талаар яримааргүй байгаа юм. Харин орлого нэмэгдүүлэх тал дээр зайлшгүй алхмуудыг хийх ёстой. Бид 2017 оноос зарим томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд илүү анхаарна. Ялангуяа Тавантолгойн төмөр зам, цахилгаан станцын төсөл, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил, Гацууртын орд, IV цахилгаан станцыг 250 мвт-аар өргөтгөх гэх мэт. Цаашлаад махны экспортыг дэмжих, хүнс хөдөө аж ахуй, импортыг орлогч салбарыг бодлогоор анхаараад эхэлбэл тал талаасаа дэмжлэг болно гэж тооцож байна.

-Засгийн газар УИХ-аас зарлагаа танах даалгавар авсан шүү дээ. Энэ чиглэлд тодорхой алхам хийж байна уу?

-Ирэх оны төсөв дээр ямар ч шинэ обьект эхлүүлэхгүй гэдэг чиглэлийг УИХ-аас тогтоолоор өгсөн. Өөрөөр хэлбэл, 2016 оны төсвөөс санхүүжигдсэн, гүйцэтгэл өндөр хувьтай байгаа хөрөнгө оруулалтуудаа дуусгана гэсэн үг. Үнэнийг хэлэхэд зарим тохиолдолд хөрөнгө санхүү гайгүй байхад улсын төсвийг үр бүтээлгүй зарцуулсан тохиолдол олон байна.

-Тухайлбал?

-Нийслэлд цэцэрлэг, сургууль хүрэлцэхгүй байхад суманд 800 хүний суудалтай соёлын төв барьж эхлүүлсэн байх жишээтэй. Ажил нь 70-80 хувьтай явчихсан, санхүүжүүлээд дуусгахаас өөр аргагүй. Гэтэл 800 хүний суудалтай соёлын төв Улаанбаатарт ч томдоо орно. Ингээд бодохоор мөнгөтэй үед үнэхээр халгиж цалгиж явжээ. Төрийн бүтэц томорлоо л гэдэг. Гэтэл энэ их бүтээн байгуулалт, сургууль цэцэрлэг барихад дагаад урсгал зардал нэмэгдэнэ. Тоног төхөөрөмж, ажиллах хүч гэх мэтээр дагаад баахан зардал гардаг. Зарим обьектыг үргэлжлүүлж барих уу яахуу гэдэг хүртэл эргэлзээтэй болчихоод байна. Дөрвөн жилийн өмнө эмнэлгийн зориулалтаар барьж байсан барилгыг хоёр жилийн өмнө МХЕГ-аас шалгаад “Эмнэлгийн зориулалтаар ашиглаж болохгүй” гээд дүгнэлт гаргачихсан байдаг. Гэтэл ажил нь 30-40 хувьтай явчихсан, санхүүжилтээ ч тийм хэмжээтэй авчихсан. Ийм барилгыг үргэлжлүүлэх ч хэцүү, тэр чигээр нь хаяад хэчнээн тэрбум төгрөгийг салхинд хийсгэх ч хэцүү болчихоод байна. Хувьчилъя гэхээр эмнэлгийн зориулалтаар барьж байсан тэр том обьектыг хувьчлаад авах мөнгөтэй хүн суманд байдаггүй. Авлаа гэхэд ашигтай ажиллуулах ч хэцүү. Энэ мэт улсын хөрөнгийг гарын салаагаар урсгасан жишээ олон байна. Түүнчлэн сая УИХ-аас тогтоол гаргаад ирэх жил гадаад дотоодын зардал, олон нийтийн арга хэмжээг хязгаарласан. Учир нь дараагийн 2-3 жилд Монголд зохион байгуулах гадаадын хурал, семинар гээд барагдахгүй урт жагсаалт мөнгөтэй үедээ баталсан байна. Өнгөрсөн хугацаанд манай улс гаднын хэчнээн хурал семинарыг зохион байгуулж, санхүүжүүлэв. Харамсалтай нь өнөөдөр эргээд харахад гаднын хөрөнгө оруулалт хасах руу орсон, зээлжих зэрэглэл дөрвөн удаа уначихаад байна. Нэг ёсондоо зочин хүлээж авахад байдгаа тавиад туучихсан, ард нь үр хүүхдүүд нь идэх хоолгүй үлдэж байгаатай ялгаа алга.

-Ирэх оноос манай улс гаднаас авсан зээл, бондуудын үндсэн төлбөрийг төлж эхэлнэ. 2017 оны төсөвт багагүй дарамт үүсгэж таарах байх л даа. Ямар байдлаар төлөхөөр ярилцаж байна вэ?

-2017 онд Хөгжлийн банкны Засгийн газрын баталгаатай гаргасан 580 сая ам.долларын гадаад бондын эргэн төлөлт хийгдэнэ. Ирэх онд бид нийтдээ 6.6 орчим их наяд төгрөг буюу ирэх оныхоо төсвийн орлогоос давсан өрийн үйлчилгээний төлбөр төлнө. Үндсэн төлбөр болон зээлийн үйлчилгээний төлбөр, хүү нь багтаад гэсэн үг. Гэтэл төсвийн нийт орлого 5.9 их наяд төгрөг байх тооцоотой байна. Ингээд бүх орлогоороо өрөө ч бүрэн төлж чадахгүй нөхцөл байдалд хүрээд байна. 2018 оноос “Чингис” бондын эхний 500 сая ам.долларыг төлөх ёстой. Дээрээс нь дотооддоо ихээхэн бонд босгосон байгааг мөн төлөх учиртай. Ойрын хугацаанд энэ их өрийг дарах ганц арга бол өрийг өрөөр дарах.

-Салбарын сайдын яриагаар Монгол Улс дампуурлаа зарлахад ойрхон байна гээд байгаа. Нөгөөтэйгүүр олон улсын валюын сангаас дэмжлэг авахаас аргагүй болсон гэж байна. Үүнээс өөр гарцгүй болсон хэрэг үү?

-Сангийн сайд улс эх орны эдийн засаг хүнд байна, бид одооноос зөв бодлого явуулж, бүсээ чангалахгүй бол ийм эрсдэл бий гэдгийг ард түмэндээ нээлттэй мэдээлэхийг зорьсон юм. Гэхдээ ойрын хугацаанд ийм хүнд байгаа ч дунд, урт хугацаанд хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүд Монгол Улсын хөгжил, хөрөнгө оруулалтын боломжид итгэлтэй байдаг. Энэ их байгалийн баялаг, нөөцтэй, дэлхийн хоёр том гүрний дунд оршин тогтнодог улсын хувьд давуу тал олон бий. Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах нь зарим талаар амаргүй ч зөв хэрэгжүүлээд явбал гадаад нэр хүнд талдаа сайнаар нөлөөлж болно. Ингэснээр нэгдсэн төсөвтэй байж, зардалаа танаж, нийгмийн халамж хамгааллыг зорилтот бүлэг рүү чиглүүлж, төсвийн хөрөнгө оруулалтыг улс төржилгүй нарийн судалгаа, тоо баримттай хийх гэх мэт төсөв санхүүгийн хувьд маш их сахилга баттай болохыг өөрийн эрхгүй биднээс шаардана. Тэгэхээр сүүлийн дөрвөн жил замбараагүй төсөв, санхүүтэй явсан Монгол Улсын хувьд зөв гольдролтой орж байна гэж гадаадын хөрөнгө оруулагчид үзэж Монголын зээлжих зэрэглэл ч сайжирч болно. Бидэнд “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж эдийн засгаа богино хугацаанд сайжруулж байсан түүх бий. 2009 онд 300 сая ам.долларын хөтөлбөрт хамрагдаад цаг хугацаанаасаа өмнө хэрэгжүүлж олон улсад сайн хэрэгжүүлсэн улс орнуудын жишээгээр тодорч байсан.

-МАН сөрөг хүчин байхдаа дэд сайдын орон тоог маш их шүүмжилдэг байсан. Зарим тохиолдолд шаардлагагүй орон тоо ч гэж тодорхойлж байлаа. Харин засгийн эрхэнд гарангуутаа энэ орон тоог бий болгосонд шүүмжлэлтэй хандах хүн олон бий. Шүүмжлэлийн бай болсон албан тушаал дээр ирсэн болохоор таниас асуухгүй өнгөрч болохгүй нь. Дэд сайдын орон тоо ер нь байх хэрэгтэй юү?

-2008-2012 онд Ерөнхий сайд нь ороод 15 хүнтэй байсан Засгийн газар, 2012-2014 онд буюу Н.Алтанхуягийн Засгийн газрын үед 19 сайдтай, 2014- 2016 онд буюу Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед ч мөн 19 сайдтай байсан. 2012 онд 121600 байсан төрийн албан хаагчдын тоог мөн өнгөрсөн хугацаанд 180.000 болгож нэмэгдүүлсэн. 26900 байсан төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ажиллагсдын тоог 49600 болгож өсгөсөн. Зөвхөн нийслэлийн орон тоо 3000 орчмоор нэмэгдүүлсэн байдлыг МАН шүүмжилж ирсэн. Үүнийг дагаад улсын төсөв данхайж, татвар төлөгчдийн мөнгө үр дүнгүй зарцуулагдах болсон. Бид төрийн энэ данхар бүтцийг цомхон чадварлаг болгож, бүтэц орон тоог бууруулж, урсгал зардлыг багасгах арга хэмжээнүүдийг авч байна. Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд шинэ Засгийн газраа байгуулахдаа яамдын тоог гурваар, давхар дээлт сайдын тоог 11-ээр цөөлж, 13 яам, 16 сайдтай цомхон бүтэцтэй энэ хүнд үед үйл ажиллагаагаа явуулж байна. Гурван яамыг цөөлсөнөөр давхардсан 109 орон тоог нэн даруй бууруулсан. Ийнхүү яамд, сайд, төрийн албан хаагчдын тоог замбараагүй нэмсэн нь өнөөдрийн төсвийн алдагдалд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Өнөөдрийн Засгийн газар харин цөөхөн яамтай гэхдээ төрийн ажлын уялдаа холбоог хангах үүднээс дэд сайд, тамгын дарга, төрийн нарийн гэх мэт сайдын дагалдах бүх бүтцийг оруулж ирсэн. Яамдын тоог цөөлөхөөр мэдээж нэг яаманд маш олон эрхлэх асуудал гарч ирсэн. Тухайлбал, БСШУСЯ гээд бий болчихоор соёлын яамны нэг том бүтэц нэмэгдээд ороод ирчихэж байгаа юм. НХХЯ гэхэд хоёр байсныг нэгтгэсэн учраас эрхлэх үйл ажиллагаа нь том болно. Үүнтэй холбоотойгоор дэд сайд байх ёстой гэж үзсэн.

-МАН сонгуульд оролцохдоо мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн нь олны анхаарлыг багагүй татсан. Энэ утгаараа Ардын нам ямар бүтэц, бүрэлдэхүүнтэй Засгийн газар байгуулах нь сонин байлаа. Мэргэшсэн гэдэг тодорхойлолтод хэр нийцэх хүн Сангийн яаман дээр орж ирсэн бэ гэж сонирхох хүн байж болох юм. Х.Булгантуяа бол дэлхийн томоохон 2-3 их сургуулийг дүүргэсэн, өндөр боловсролтой эмэгтэй гэдгээс илүү энэ салбарт хэр мэргэшсэн хүн бэ гэдэг асуултаар ярилцлагаа өндөрлөе?

-Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэдэг үнэхээр чухал. Мэдээж салбараа мэддэг хүнээс гадна сайн менежер байх нь маш чухал юм байна гэдгийг сүүлийн Засгийн газар тод харууллаа шүү дээ. Миний хувьд эдийн засагч мэргэжилтэй. Хятадад бакалавар, Америкт ч мөн эдийн засгийн чиглэлээр магистраа хамгаалсан. Олон улсын 2-3 Сангийн яаманд зөвлөхөөр ажиллаж байсан. Монголд уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрүүд, эрчим хүчний болон дэд бүтцийн төслүүд, газрын тосны салбарт хөрөнгө оруулалт хариуцан ажиллаж байлаа.

М.Өнөржаргал
МОНГОЛЫН ҮНЭН СОНИН