Ц.Нямдорж: Эрдэнэтийн 49 хувийг Эрдэнэтийн мөнгөөр худалдаж авсан юм биш үү

528

193513-29092016-1475135325-1584252210-nyamdorjaa1

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн талаар шийдвэр гарч зургаан сарын хугацаа өнгөрч байна. Байдал учир битүүлэг хэвээрээ байна. Хамгийн гол нь 49 хувийг худалдаж авсан эх үүсвэр, худалдаалсны дараа Монголд явагдсан хуйвалдаан дээд зэргээр анхаарал татаж байна” гэж онцолсон юм.Тэрээр “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар гурван зүйлийг онцолж мэдээлсэн юм.

Нэгдүгээрт, ТУЗ-ийн хурал болоод зургаадугаар сарын 27-ны өдөр дүрэм батлагдсан. Дүрэм батлагдахдаа ТУЗ-ийн даргыг томилсон, ТУЗ-ын зургаан гишүүнийг сольвол даргын саналыг авна гэсэн. Дээрээс нь нэр дэвшүүлэх хорооны дарга нь ТУЗ-ийн дарга байна. ТУЗ-ийн дарга нь бүх томилгоог мэднэ гэсэн байгаа. Үүнээс болоод “Эрдэнэт” үйлдвэрт Засгийн газрын  51 хувийн эрх мэдэл байхгүй болсон.  Өнөөдөр ТУЗ-ийн дарга гэдэг хүн ойлгомжгүй байна. Үүнээс болоод өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрт Засгийн газрын 51 хувийн эрх мэдэл байхгүй болсон. Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг “Эрдэнэт” үйлдвэрээс мэдээлэл авах гэхэд өгөхгүй байна. Өнөөдрийг хүртэл ТУЗ-ын дарга хэн болсон нь ойлгомжгүй. Засгийн газрын 51 хувийг төлөөлж байсан н.Шинэбаатар гэдэг хүн долдугаар сарын 7-нд өөрийгөө “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын нэгдүгээр орлогч болгон томилжээ. Уг нь төрийн 51 хувийг хамгаалж байх ёстой хүн.

Хоёрдугаарт, “Эрдэнэт” үйлдвэр ноднин жилийн байдлаар 284 тэрбум төгрөгийн татвар төлж байсан. Энэ жил 20 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй “Оюутолгой” компани 244 гаруй тэрбум төгрөгийг татварт төлчихөөд байхад “Эрдэнэт” үйлдвэр 10 дахин бага татвар төлсөн. Яахаараа нэг нь ийм багыг төлдөг билээ.  Эрдэнэтийн мөнгөөр Эрдэнэтийг өөрийн болгох луйвар үүний цаана харагдаж байна.

Гуравдугаарт, Энэ бүх ажиллагааны цаана  ХХБ, УБ банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг гэдэг хүн байна. Д.Эрдэнэбилэг нь Улаанбаатар банкны 99 хувийн хувьцаа эзэмшигч. Эрдэнэт үйлдвэр тойрсон бүх юм энэ хүнээр дамжсан дүр зураг харагдаж байна. Худалдаа Хөгжлийн Банк нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Багануур, III, IV цахилгаан станцуудыг хувьчилж авахаар бэлтгэлээ хангаж байна. Арилжааны банк нь ийм үйл ажиллагаа явуулах нь хориотой” гэлээ.

Мөн тэрээр “н.Пүрэвтүвшин 49 хувийг худалдан авах ажиллагааг хийсэн байна.  Энэ хүн 2010 онд МУИС-ийн Хуулийн анги төгссөн. 2011-2012 онд ХХБ-ны хуулийн хэлтэст ажиллаж байсан н.Пүрэвтүвшин гэдэг хүн “Монголиан корн” гэдэг корпориацийн захирлын албан тушаалд томилогдож, 49 хувийг худалдан авах ажиллагааг хийжээ.  Энэ хүн ХХБ-ны ТУЗ-ийн дарга н.Эрдэнэбилэгийн 2007 онд байгуулсан компанид хуулийн зөвлөхөөр давхар ажилладаг юм байна.

Энэ мэт хууль бус үйлдлүүдийг ил тод болгох үүднээс миний бие “Сангийн сайд байсан Б.Болорын “Эрдэнэтийн 51 хувийг нөгөө талд бэлэглэсэн хоёр нууц тушаалыг хүчингүй болго. “Эрдэнэт”, Монголросцветмент”-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг шинээр дахин хий. Төрийн төлөөллийг хэрэгжүүлэх хүмүүсийг шинээр дахин томил.  “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийг томилохдоо 51:49 гэсэн харьцаагаа баримтал.  “Монголиан корн” гэдэг корпориаци ямар хувилбараар “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авсныг шалга гэсэн бичгийг Засгийн газарт явуулсан байгаа” гэсэн юм.


Мэдээллийн үеэр сэтгүүлчдийн  асуултад дараах хариултыг өгсөн юм.

 -Анхлан ОХУ-ын талаас Эрдэнэтийн 49 хувийг зарах санал тавьсан гэх мэдээлэл бий. Тэгэхээр ямар асуудлаас үүдэн манай засгийн газар хууль зөрчсөн гэж та үзэж байна?

 -Анх ОХУ-ын талаас худалдах санал ирсэн гэдэг баримт одоогоор байхгүй. Засгийн газар худалдаж авах давуу эрхээсээ татгалзсан явдал хууль ёсоор хийгдсэн ажил уу, үгүй юу гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Хойд хөршид бас их сонин процесс өрнөсөн байдаг. Өнгөрсөн зургадугаар сарын 1-ний өдөр Ростнекийн гүйцэтгэх захирал Монголын засгийн газарт албан бичиг илгээсэн. Тэр бичигтээ засгийн газарт 49 хувийг худалдан авах давуу эрхээсээ татгалз. “Монголиан коппер корпораци” зөвшөөрөл олго гэсэн. Уг нь ийм саналыг хувийн байгууллагын захирал бус засгийн газар нь илгээх учиртай. Үүний дараа ОХУ-ын ерөнхий сайд Монголын засгийн газар зөвшөөрвөл 49 хувийг зарахыг зөвшөөрч байна гэсэн захирамж  гаргасан байдаг. Энэ захирамж манайд хаагуур, ямар замаар явж ирсэн нь тодорхойгүй байгаа юм. Засгийн газар ОХУ-ын хувийн хэвшлийн байгууллагаас ирсэн албан бичигт үндэслэн, тогтоол гаргаж, бүх нөхцөлийг нь хүлээн зөвшөөрсөн нь буруу.  Тогтоолд сангийн сайд нь гарын үсэх зурах ёстой байтал аж үйлдвэрийн сайд  асан Д.Эрдэнэбатын гарын үсгээр баталгаажуулсан байдаг. Энэ мэтээр процесс буруу явж ирсэн.

 -Таныг ирэх жил ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх зорилгоор Эрдэнэтийн асуудлыг сөхөж  байгаа гэх мэдээлэл явж байна?

-Надад ерөнхийлөгчийн сонгууль шиг сонирхолгүй зүйл байхгүй. Би шинэ УИХ үйл ажиллагаа явуулж эхлэх үеэр л энэ асуудлыг сөхөж тавьж байсан. Эрдэнэт дээр явагдсан луйврыг би цаашдаа ч тэвчиж чадахгүй. Үүнийхээ л дагуу л ажиллаж байна. Энэ асуудлын талаарх бүх үнэнийг  би ард түмэнд  ил болгохын ажиллах болно. Энэ зөвхөн нэг үйлдвэрийн асуудал биш. Монгол төр оршин тогтнох уу гэдэг асуудал энд яригдаж байна. Хэсэг бүлэг хүмүүс далдуур хуйвалдаж, Монголын ард түмнийг 30, 40 жил тэжээсэн ганц үйлдвэрийг сонгуулиар далимдуулж, хувийн болгож байна. Эрдэнэт энэ оны эхний найман сарын байдлаар 20 тэрбум төгрөг татварт төлсөн байна. Ийм байдлаар цаашаа явж  болохгүй. Үүнийг тэвчиж болохгүй. Ерөнхийлөгчийн суудлаас Эрдэнэтийн асуудал хэд дахин том гэдгийг хэлмээр байна.

Засгийн газраас энэ шийдвэрийг буцаалаа гэхэд ОХУ-ын засгийн газар хүлээж авах боломжтой юу?

-Ерөнхийдөө галт тэрэг  хөдөлчихсөн учраас нөгөө талтай энэ сэдвээр ярихад хэцүү. Одоо 51 хувийг эзэмшиж байгаа Монголын төр, 49 хувийг худалдаж авсан гэх хүмүүстэй дотооддоо учраа олох хэрэгтэй.  Энэ асуудал анх сөхөгдсөний дараа  ХХБ-ны дэд захирал П.Орхон гэрээний асуудлыг хоёр жилийн өмнөөс эхлүүлсэн гэж ам алдсан байдаг. Ийм гэрээ хэлцэл  эхлүүлэх ёстой гэж үзэж байсан бол тухайн үедээ  төрийн зүгээс шийдвэр гаргуулж байж, эрх нь нээгдэх байсан. Яахлаараа засгийн газар нь 49 хувийг яриагүй байхад нэг банкны удирдлага нь ОХУ-д оччихсон хэлэлцээр хийж байдаг юм. Яахлаараа ОХУ-ын засгийн газар нь биш, хувьцаа эзэмшигч нэг нөхөр  санал тавьсны төлөө засгийн газар тогтоол гаргасан гэдгийг бид нягтлах хэрэгтэй.

Г.ИТГЭЛ