29 дүгээр тусгай сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөллөө

568

Нийслэлийн Засаг дарга С.Батболдын захирамжаар 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханыг өнөөдрөөс ажлаас нь чөлөөлсөн талаар Нийслэлийн Засаг даргын орлогч нар мэдээлэл хийлээ. Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар ерөнхий боловсролын 29 дүгээр сургуульд ажлын хэсэг томилсон байна.

Ажлын хэсгийн дүгнэлттэй Нийслэлийн удирдлагууд танилцаад 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргажээ. Түүнийг ажлын хариуцлага алдсан гэж үзсэн байна. Б.Батсайхан нь 2009 оноос хойш тус сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байжээ. Харин сургуулийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр дохионы хэлний багш н.Сарантуяаг томилсон байна.

Харин сурагчдад бэлгийн дарамт үзүүлдэг байсан эсэхийг Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтсээс шалгаж буй бөгөөд дүгнэлт эцсийн байдлаар гараагүй аж.

Боловсролын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг зөвхөн 29 дүгээр сургууль дээр ажиллахгүй. Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг тусгай зургаан сургуулийн үйл ажиллагааг шалгах аж. Учир нь тусгай сургуулиуд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг зөрчиж байж болзошгүй гэж үзэж байгаа аж.

‘Б.Батсайхан захирлыг хөдөлмөрийн гэрээ зөрчсөн гэдэг дүгнэлтээс үүдэн ажлаас нь чөлөөлж байгаа’

НЗДТГ-ын Хуулийн хэлтсийн дарга​ А.Даваажаргал ’29 дүгээр тусгай сургуулийн асуудлуудыг ялгаж салгах ёстой. Б.Батсайхан захирлыг хөдөлмөрийн гэрээ зөрчсөн гэдэг дүгнэлтээс үүдэн ажлаас нь чөлөөлж байгаа.

Бидний нотолсон зүйл хөдөлмөрийн гэрээтэй холбоотой. Харин эрүүгийн шинжтэй асуудлыг Цагдаагийн байгууллагаас шалгаж, тогтооно.

Мэргэжил ур чадвар нь ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон нь Ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон тул өнөөдрөөс эхлэн 29 дүгээр тусгай сургуулийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байна гэж ойлгож болно’ гэлээ.