Загвар өмсөгч Э.Энхболд энэ сарын 8-наас 11-нд Хонгконгт зохион байгуулсан “International Fashion Super Model” тэмцээнээс “Гран При” шагнал хүртсэн билээ.Үүнтэй холбогдуулан Монголын залуучуудын холбооноос түүнийг “Тэргүүний залуу” тэмдгээр шагнасан байна. Энэ үеэр тэрбээр Хонгконгийн кинонд тоглох болсноо дуулгалаа. Тодруулбал, тэрбээр “Хонконг кино зах зээл маш их хөгжсөн газар. Тиймээс модель буюу өндөр бие хаатай залуусыг сонгож кинонд тоглуулдаг юм билээ. Кино уран бүтээлчид нь жил бүр энэ тэмцээн дээр ирж аль нэг загвар өмсөгчийг сонгон түүнийгээ олны танил болгож, бизнесээ өргөжүүлдэг юм байна. Энэ жил нөхдүүдийн хараанд би өртжээ. БНХАУ-ын хамгийн том кино студитай хамтран үйл ажиллагаа явуулдаг “SMI Movie” гэх кино компанитай гэрээ байгуулаад ирлээ.Ерөнхийдөө 2-3 кинонд тоглох гэрээ байгуулсан. Эхний кино арванхоёрдугаар сарын сүүлээр зураг авалт нь эхэлнэ гэсэн” хэмээн ярьжээ.