Төсвийн байнгын хорооны танилцуулгад дурдсанаар Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийн явцад гишүүдээс гаргасан саналын дагуу Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөс Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 20 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нийт зарлага болон цэвэр зээлийн дүнг 39.6 тэрбум төгрөгөөр, үүнээс урсгал зардлыг 26 тэрбум төгрөгөөр бууруулсан хэмээн мэдэгдсэн.
Энэ жилийн төсөв ОУВС хэмээх халхавчийн дор татвар нэмсэн, халамж хассан төсөв болсон гэж үзэж болно. Сангийн сайд эдийн засаг хүнд, төсөв мөнгө бага байгаа болохоор “Санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр”-т хамрагдахгүй бол болохгүй хэмээх тайлбарыг өгсөн. Ийнхүү хөтөлбөрт хамрагдсаны дараа төсөв батлахдаа, долоон төрлийн татвар нэмэгдэж, хүүхдийн мөнгө ч хасагдахаар болсон юм. Ийнхүү татвар нэмж, хүүхдийн мөнгө хассан ч төсвийн тодотгол хийхдээ сайд нарын багцыг нэмж, бүр ч их зарлагатай болгоод оруулсан нь өдгөө олон нийтийн шүүмжлэлд өртөөд байгаа юм.
Өөрөөр хэлбэл, эрх баригчид иргэдийн халаас руу гар дүрж, төсвийн орлогоо нэмэгдүүлчихээд, сайд нарын багцыг нэмчихэж байгаа юм. Уг нь энэ ондоо сайд нарын багцыг нэмэхгүй, тэсчихэж болох л байсан гэдгийг ажиглагчид хэлж байна. Хэрвээ тэр зардлыг нэмж болох л байсан юм бол хүүхдийн мөнгө хасагдахгүй байх боломж байсан. Гэсэн хэдий ч эрх баригчид хүүхдийн мөнгийг сайд нартаа өгч орхив.
Уг нь өмнөх засгийн үед гурав дахь хүүхдийг дэмжих бодлого барьж, ээжүүдэд цалин өгнө гэж байсан ч тэгсхийгээд намжсан. Өнөөгийн Засгийн газар “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлнэ гээд байсан. Одоохондоо энэ нь ажил хэрэг болоогүй л байна. Ийнхүү үе үеийн Засгийн газар хүүхдүүдээс харамлаж, төсвөөсөө танасаар ирсэн. Гэтэл энэ удаа эрх баригчид эдийн засгийн хүндрэл, ОУВС-гаар халхавчилж, хүүхдүүдээс харамлан байжсайд нартай мөнгө хуваарилж байгаа нь зүйд нийцэхгүй л болов уу.
Эх сурвалж: www.info.mn