Сумын сургуулийг ”тараая”

663

c525001aadbaaccbcdcf104b1e383b15_1

Ингэж хэлэхээр “эргүү мал”-аар нь дуудахаа түр азнаарай. Хүн амын хэт их төвлөрөл, хөдөөгийн эзгүйрэл нь бидний асуудал болсныг ярих гэсэн хэрэг.

Үндэсний статистикийн хорооноос авсан мэдээллээр 1996 онд Монгол Улсын нийт хүн амын 50 гаруй хувь хөдөө орон нутагт амьдарч байсан бол хот газрыг чиглэсэн шилжих хөдөлгөөний үр дүнд хөдөө амьдрах хүн амын тоо эрс буурч, 2000 онд 44 хувь, 2004 онд 39.4 хувь, 2013 онд бүр 31.9 хувь болж буурсан байна. Энэ тоо сүүлийн гурван жилд ч нэмэгдсэн дамжиггүй. Гэхдээ энэ тоо албан ёсоор шилжин ирэгсдийн тоо гэдгийг санах хэрэгтэй. Албан бусаар ажил хайж, амьдрал бараадаж ирснийг тооцвол нийт хүн амын тал хувь нь зөвхөн Улаанбаатарт ажиллаж, аж төрж байна гэсэн үг. Шилжилтийн шалтгаан ердөө л ажилгүйдэл. Зуднаар малаа алдсан иргэд амьдралын эрхээр хот барааддаг байсан бол одоо бэлчээрийн хүрэлцээ тааруугаас эхлээд хүүхдээ боловсрол эзэмшүүлэх, амьдралаа өөд нь татах, бизнес эрхлэх зорилгоор хотыг барааддаг болсон аж.

Хотоос гурван зуу хүрэхгүй километрийн зайтай сумын сургуулийн нэг ангид 5-8 хүүхэд сурч буй нь үнэндээ төсвийн мөнгийг үргүй зарцуулахад хүргэж байна.Тэдгээр хүүхдийг сургахын тулд сургуулийн халаалт, цахилгаан, багшийн цалин гээд тоочвол бишгүй их зардал гарна. Гэтэл эсрэгээрээ хотод сургуулийн хүрэлцээ тааруугаас улсын сургуулиуд гурван ээлжээр хичээллэж байх жишээтэй.

2010 оноос шилжигсдийн 61 хувийг 15-34 насныхан эзэлж эхэлсэн нь хөдөөд амьдрал алга болсны бас нэгэн дохио. Монголын хүн амын 68.1 хувь нь хот суурин газарт амьдарч байгаагаас хот сууринд амьдрагчдын 69 хувь нь зөвхөн нийслэл Улаанбаатар хотод амьдарч байна. Улаанбаатар хотын оршин суугчдын тоо 1989 оныхтой харьцуулахад 250 хувиар нэмэгджээ. Хотын даац хэзээний савнаасаа хальсан бөгөөд энэ нь эргээд агаар, хөрс, усны бохирдол, гэмт хэргийг нэмэгдүүлж аюулын харанга дэлдэх болов.

Аймгуудын хүн амын өсөлтийг ажиглаад харвал, уул уурхайг түшиглэсэн Өмнөговь, Орхон, Дорноговь, Дархан-Уул, Говьсүмбэр аймгуудын оршин суугчдын тоо өсчээ. Эдгээр аймгууд руу шилжин нүүгсэд ч нэмэгджээ. Тэгэхээр хот суурин гэхээсээ илүүтэй ажлын байр хүн амын шилжилт хөдөлгөөнд шууд нөлөөлжээ.

Тиймээс л хүссэн ч эс хүсэвч бид цаашид бүсчилсэн хөгжлийг бий болгохыг бидний өнөөгийн нөхцөл байдал шаардаад байх шиг. Сумын сургуулиуд нийтдээ муудаж, ашиглах боломжгүй болсон ч засварлаж, шинэчлэх хөрөнгө мөнгө төсөвт байхгүй. Хөрөнгө мөнгө байхгүйгээс засварлаж чадаагүй сургуульд хүүхдүүд хичээллэж, мөөгөнцөрөөс эхлээд олон янзын өвчнөөр өвчилсөн мэдээлэл аль ч аймагт нийтлэг ажиглагдах болжээ.

Дээр нь хөдөөгийн хүн амд ажиглагдах болсон нэгэн үзүүлэлт нь гэмт хэрэг.Ажилгүйдэлтэй холбоотойгоор архидалт нэмэгдэж, түүнээс үүдэн хүчирхийлэлт, хүний ой тоонд ч багтамгүй балмад гэмт хэргүүд гарах болов. Эмнэлэг, сургуулийн ч чанар муудсан үзүүлэлт аажмаар ажиглагдаж эхэлжээ.

Тиймээс л нийгмийн халамж үйлчилгээг сайжруулж, иргэдийнхээ боловсрол, эрүүл мэнд, амжиргааг дээшлүүлэхийн тулд бүсчилсэн хөгжлийг бий болгохоос өөр сонголт алга. Ингэснээр төсвийн зардал ч эрс буурна. Хотын нэг хороотой тэнцэх хүн амтай хоёроос гурван сумыг нэгтгэснээр Засаг даргаас эхлээд түүний тамгын газрын ажиллагсдын, эмнэлгийн, сургуулийн төсвийг хэмнэж чадна. Хэмнэсэн мөнгөөрөө дутагдахын зовлонгоос ангижирч, дахиад сургууль, цэцэрлэг барих, эмнэлгийн тоног төхөөрөмжийг ч шинэчлэн авч, цагдаагийн орон тоог нэмэгдүүлснээр гэмт хэргээс ч урьдчилан сэргийлэх боломжтой болно. Үр дүнд нь Монгол хожино.

Тиймээс л сумын сургуулийг нурааж, сумдын тамгуудыг цөөлье гээд байгаа хэрэг. Үүний тулд жалга довны үзлээ түр хойш тавиад эрүүлээр сэтгэж, томоор харах эр зориг улстөрчдөд хэрэгтэй. Ингэж чадвал бид ажилгүйдэл, ядуурал, гэмт хэрэг, боловсрол, эрүүл мэнд, хөрс, агаарын бохирдол гээд өшөө олон олон сөрөг нөлөөллийг үгүй хийж чадна. Тиймээс л нэгтгэе гээд байгаа хэрэг.

Хэзээ мөдгүй нурах болсон сургуулиудыг болсон, болоогүй, үлгэн салган байлгаж байснаас нураагаад нийлүүлэхийг дахин дахин хэнгэрэг дэлдэж, “Сургууль нураасай“-г захиалъя.