”Shell” компанийн авлигын хэрэгтэй холбоотой шинэ баримт олдлоо

564

Газрын тосны томоохон нөөц баялгийг авахаар Нигер улсын Засгийн газарт төлсөн мөнгө урьд нь мөнгө угаасан хэрэгт холбогдож байсан тус улсын Засгийн газрын гишүүнд очих байсныг Шэл компанийн удирдах албан тушаалтнууд мэдэж байсан талаар мэдээллийн “BBC” агентлаг мэдээлсэн байна.
Нигер улсын далайн эргийн орчимд байрлах “OPL 245” гэх бараг хагас их наяд ам.доллараар үнэлэгдэх газрын тосны асар их нөөц баялаг байгааг тус улсад 60 гаруй жил үйл ажиллагаа явуулсан Шэл компанийнхан мэдэж, түүнийг өөрийн болгохоор санаархаж байсан бололтой.
Олдсон шинэ нотлох баримтаас үзэхэд Шэл компани уг нөөцийг авах гэсэн боловч Дан Итэтэ гэх Нигер улсын Газрын тосны сайдаар ажиллаж байсан эрхэм саад болж байсан байна. Тэр эрхэм өөрөө маш бага үнээр уг газрын тосны нөөц баялгийг худалдаж авсан ажээ. Гэвч тэрээр хожим нь мөнгө угаасан хэрэгт холбогдон шийтгэгджээ.
2011 онд Шэл компани Италийн “ENI” гэх компантай хамтран 1.3 тэрбум ам.долларыг Нигер улсын Засгийн газарт төлж, газрын тосны нөөцийг нь худалдан авчээ. Худалдан авсан мөнгөн дүн нь Нигер улсын эрүүл мэндийн салбарын төсвийн дүнгээс ч их байсан гэнэ. Харамсалтай нь, уг хөрөнгийг төрийн албанд огтхон зориулаагүй ажээ.
Засгийн газар тэр төлбөрийг нь аваад түүнээсээ 1 тэрбум ам.долларыг нь Дан Итэтэгийн эзэмшдэг Малабу гэх компанид шилжүүлэн өгсөн байна. Энэ талаар Шэл компанийн ажилчид мэдээлж байсан бөгөөд тэд хөрөнгийг Нигерийн улс төрчдийн халаасанд, эсвэл ерөнхийлөгч асан Гудлак Жонатаны гарт очно гэдгийг мэдэж байжээ.
Уг мөнгөн дүнгээс 466 сая ам.долларыг Нигерийн Хөрөнгийн биржийн сүлжээгээр дамжуулан Ерөнхийлөгч Жонатанд болон бусад улс төрчдөд өгснийг Италийн прокурорын байгууллага баталж байна
Энэ хэргийн асуудал нь Итали болон Нидерландын хууль сахиулах байгууллагуудын анхаарлыг нэлээд татаж байгаа гэнэ. Тухайлбал, 2016 оны 2-р сард Гаага хот дахь Шэл компанийн байранд нэгжлэг хийж, олон бичиг баримт хураан авч байжээ.
Эх сурвалж: www.bbc.com