Нийтийн тээвэр картын системд бүрэн шилжсэнээр өдрийн орлого 25 хувиар НЭМЭГДЖЭЭ

523

Энэ сарын 1-нээс эхлэн нийтийн тээврийн автобусанд бэлэн мөнгөөр зорчдог байсныг болиулж заавал цахим картаар үйлчлэхээр болсон. Ингэснээр өдрийн орлого 25 хувь хүртэл өссөн гэдгийг Нийслэлийн ЗДТГ-аас мэдээлж байна.

Жил гаруйн өмнө нийтийн тээврийг ухаалаг системд шилжүүлсэн. Өнгөрсөн хугацаанд иргэд урагдсан, дутуу мөнгөөр үйлчлүүлэн нийтийн тээвэр ихээхэн алдагдалтай ажилласан тул ийм шийдвэр гаргасан гэдгийг албаныхан тайлбарласан.

Энэ шийдвэртэй холбоотойгоор банкны карт, утас цэнэглэгч карт зэрэг бүхий л төрлийн картаар төлбөр хийх боломжийг бий болгох түүнчлэн нэг удаагийн карттай болгохыг зэрэг ажлыг судалж байна гэдгийг Нийслэлийн Засаг дарга С.Батболд хэлж байна.

Харин цахим карт борлуулах цэг хомсдолтой байгаа талаар иргэдийн зүгээс мэдээлж байна. Тэгвэл нийслэлийн хэмжээнд нийт 520 гаруй карт худалдах, цэнэглэх цэг байгаа төдийгүй цаашид энэ тоог нэмэх, илүү боловсронгуй цэнэглэх боломжуудыг судлаж байгаа гэв.