“УЛААНБААТАР ИРГЭНИЙ ФОРУМ” төрийн бус байгууллагаас өнгөрөгч 22-ны өдөр “Иргэний оролцоонд тулгуурласан хотын хөгжлийн төлөвлөлт, хэрэгжилт, иргэний хяналт” сэдэвтэй нээлттэй хэлэлцүүлэг явуулжээ. Уг хэлэлцүүлэгт нийтлэлч, эдийн засагч Д.Жаргалсайханы илэрхийлсэн байр суурийг хүргэж байна.
“Саяын хүний ярьсан сайхан ярианы онолын асуудлыг монголчууд мэдэж байгаа, ялангуяа Улаанбаатар хотын захиргааны хүмүүс. Ганцхан монголчууд энийгээ хийхгүй байгаад хамагучир нь байгаа юм.
Улаанбаатар хотоор тоглож гүйцсэн учраас өнөөдөр Улаанбаатар хотод ядуурал хамгийн их байна. Хотыг тойрсон хогийн газруудад хүмүүс, шинэ суурин бий болсон байна.
Би Улаанбаатарт төрсөн, амьдарч байгаа хүн. Гэр хороололд өссөн. 50,60 жилийн өмнө гудамж, сургууль ч гэсэн одоогоос илүү замбараатай байсан юм. Сургуулийн хүүхдүүдийг долоо хоног болгон усанд оруулдаг байсан.
Өнөөдөр Улаанбаатар хотын хүн амын хагас нь гэрт амьдарч байгаа. Хэдэн халуун усны газар байгаа юм? ЯагаадУлаанбаатар хотын хүмүүс өдий болтол усгүйгээр амьдарч байгааг асуух болсон шүү дээ.
90 оны үед Улаанбаатар хотыг том болж байх үед “Улаанбаатар сан” “Улаанбаатар Банк”, “Улаанбаатар Даатгал” гэж байгуулсан. Одоо хаана байна? Өнөөдөр ‘Улаанбаатар Банк’-ны 99,3%-г нь Эрдэмбилэг гэдэг хүн эзэмшиж байгаа. “Улаанбаатар Даатгал”-ын мөнгө нь хаашаа явсан юм?
Улаанбаатар хотын удирдлагад байсан хүн болгон тэрбумтан болсон. Улаанбаатар хотын газрыг дандаа ширээн доогуур зарсан. Улаанбаатар хотыг санаатайгаар устгах бодлого явуулсан.
Улаанбаатар хотын сургууль болгоны биеийн тамирын талбай болгоныг зарсан. Өнөөдөр гүйж тоглодог газар болгон чинь алга болсон. Дүнжигаравын төмөр замын урд талаас Баянзүрх хүртэл нэг компаниар дүүрсэн. Миeэгомбо хотын даргагазрын наймааг эхлүүлсэн.
Өнөөдөр барьсан 40 мянган байшингууд нь хүнгүй хонож 170 мянган айл байшинд ороод амьдрахыг мөрөөдөж байгаа. Хэнд зориулсан байшин юм?
Улаанбаатар хотын сургуулийн биеийн тамирын талбай дээр барьсан байшингаас хэдэн төгрөгийн татвар авсан юм? Яармагийн талбайг, наадмийн дэнжийг тэр чигээр нь зарчихсан. Тэрнээс хэдэн төгрөгийн татвар улаанбаатарчуудад ирсэн юм?
Улаанбаатар хотын төлөвлөлт муу- хүүхдүүд чинь хог, нохойтой өсөж байна. Улаанбаатар хотын үйлдвэрлэл, үйлчилгээ, орон сууц, энэ газрын зоныг санаатайгаар ялгаж өгөхгүй байна. Ингэж байлгах нь ашигтай байгаа. Тэгээд дараа нь хэдэн төгрөг өгөөд сонгуульд ялах нь бүр ашигтай.
Монгол улсад дутуу байгаа зүйл бол иргэдийн оролцоо. Бид босохгүй, шаардахгүй, шалгахгүй бол бид, бидний үр хүүхдүүд, тэдний үр хүүхдүүдээр тоглох шинэ боломж эхэлчихсэн байна. Хэзээ болтол ингэж унтах юм? Хэзээ болтол хэдхэн хүнээр тоглуулаад байх ёстой юм?
Бондны мөнгөөр хамаг мөнгийг ууж идсэн хүмүүсээс авахгүй юм бол бид эд нартай дайн зарлах ёстой.”
“УЛААНБААТАР ИРГЭНИЙ ФОРУМ” Хотын хөгжлийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлгийг үе шаттайгаар тогтмол явуулж байх аж.