Туркийн засгийн газрын бодлогыг дэмжигч “Gunes” сонины нүүрэнд Германы канцлерь Ангела Меркелийг Гитлер болгож дүрсэлсэн зураг нийтлэгджээ.
Зургийн тайлбарт Меркелийг “Хатагтай Гитлер” гэж бичсэн байв.
Сүүлийн үед Турк-Европын харилцаа эрчимтэй муудаад байгаагийн нэг илрэл энэхүү зураг болж байна.
Ирэх сард Туркэд болох бүх нийтийн санал асуулгын өмнө Европт суугаа турк иргэдэд ухуулга, сурталчилгааны ажил хийхээр Анкара сайд нараа Герман, Нидерланд улсуудад илгээснийг эдгээр орнууд хүлээж авалгүй буцаасан юм.
Ялангуяа 1.4 сая турк хүн оршин суудаг Германд Эрдоганы суртал нэвтрүүлэг хүрэх нь чухалд тооцогдож байгаа. Гэвч Меркель Туркийн дотоод улс төрийн асуудал Германы нийгмийн тогтвортой байдалд нөлөөлнө гэж үзээд зөвшөөрөөгүй ажээ.
Эрдоган энэ явдлын дараа Европын орнуудыг Нацист арга барилтай гэж хатуу шүүмжилсэн юм.
Саяхан бас Туркийн дотоод хэргийн сайд Сулейман Сойлу Европыг заналхийлсэн мэдэгдэл хийсэн байна. Тэрээр Турк улс сар бүр 15,000 дүрвэгчийг Европ руу нэвтрүүлнэ хэмээн сүрдүүлжээ.
Туркийн сайд нарыг газар нутагтаа нэвтрүүлээгүйн төлөө Европын орнууд ийм шийтгэл амсах ёстой гэж тэр мэдэгдсэн юм.
Туркийн улс төрд 14 жил ноёрхож байгаа Рэжэп Тайип Эрдоган ирэх сарын 16-нд бүх нийтийн санал асуулга зохион байгуулж, үндсэн хуулийг өөрчилснөөр өөрийн хаанчлалыг 2029 он хүртэл сунгах зорилготой байна.
Эх сурвалж: The Independent