Алдарт “Кихот ноён” жүжгийг тоглоно

1333

Улсын драмын эрдмийн театраас гуравдугаар сарыг сонгодог жүжгийн өдрүүд болгосон. Үзэгчдээ дэлхийн сонгодог бүтээлээр амьсгалах болсон театрын уран бүтээлчдийн тоглолтын салхийг У.Шекспир “Ромео Жульетта” жүжиг хагалсан билээ. Тэгвэл өнөөдрөөс М.Сервантесийн “Кихот ноён” жүжгээр үргэлжлэх бөгөөд “Гамлет”, “Парисын дарь эхийн сүм” жүжгүүдээр өндөрлөнө.

“СОНГОДОГ ЖҮЖГИЙН ӨДРҮҮД” III.06-30

М.Сервантес “Кихот ноён”

III.16, III.29-ний 19.00 цагаас

У.Шекспир “Гамлет”

III.26-ны 18.00, III.27-ны 19.00 цаг

В.Хюго “Парисын дарь эхийн сүм”

III.30-ны 19.00 цагаас тус тус тоглох аж.

М.Сервантесийн “Кихот Ноён” жүжгийг улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид өнөөдөр болон энэ сарын 29-ний өдөр тоглоно.

“Кихот ноён” роман нь бичигдэж, хэвлэгдсэн цагаасаа алдаршиж, дэлхий дахины уран зохиолын санд Испани ард түмний оруулсан хувь нэмэр хэмээн үнэлэгдэх болсон төдийгүй хэвлэгдсэн тоогоороо “Библи” судрын дараа орох гайхамшигт бүтээл билээ. Мөн хоёр дахь зуун жилийн манлай романаар тодорсон байдаг. Энэ бүтээл олон гайхамшигт амжилттай төдийгүй, олон арван асуулт, таавар тайллыг бүх цаг үеийн уншигчдад мэдрүүлж ирснээрээ хүн төрөлхтний оюун санаа, сэтгэл зүрхийг эзэмдсэн “алтан ном” хэмээн нэрлэгдэх болжээ.

“Кихот ноён” жүжгийг анх 1743 онд Францын Дуурь, бүжгийн театрт, 1971 онд Монголд ДБЭТ-т Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Б.Жамъяндагвын найруулгаар бүжгэн жүжиг болгон тоглосон түүхтэй.

Он цаг улирах тусам улам гялалзаж, хэзээ ч үнэ цэнээ алддаггүй энэхүү жүжгийн зохиолыг зохиолч Мигель Де Сервантас 1605 онд бичиж хэвлүүлж байсан бол 2008 онд орчуулагч Н.Пүрэвдавга орчуулснаар Монголд анх удаа УДЭТ-т драмын жүжиг хэлбэрээр тавьсан юм.

Жүжгийг УДЭТ-ын найруулагч урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар найруулж, УДЭТ-ын үе үеийн чадварлаг жүжигчид тайзнаа амилуулсан. Дэлхий дахинаараа андахгүй хэрмэл хүлэг баатар Дон Кихот, түүний зарц Санчо Панса хоёрын дүрд УДЭТ-ын уран бүтээлч, гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, жүжигчин Г.Амгаланбаатар нар тоглож байна.

Эх сурвалж: www.info.mn