Сарын дундаж цалин 942 мянган төгрөг байна

803

Сарын дундаж цалингийн хэмжээ 2016 оны IV улирлын байдлаар 942.9 мянган төгрөг болсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 75 мянга орчим төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт аж.

Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 37.3 мянган аж ахуйн нэгж байгууллагын 577.9 мянган ажилчид хамрагдсан.

Тус тайланд тусгаснаар цөөн буюу жижиг ААН-ын дундаж цалин 610 орчим мянга, харин томоохон ААН буюу 200 ба түүнээс ажилтантай компанийн сарын дундаж цалин 1.3 сая төгрөг юм байна.

Ажилчдын цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны нэгдсэн ангилалаар авч үзвэл уул уурхай олборлолтын салбар 2.3 сая төгрөг буюу хамгийн өндөр цалинтай, харин орон сууц, нийтийн хоолны үйлчилгээний салбарын ажилчид 599 мянган төгрөг буюу хамгийн бага цалин авдаг аж.

Харин сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзвэл суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагчийн сарын дундаж цалин хамгийн их буюу 1.1 сая төгрөг, харин хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтан 514 мянган төгрөг буюу хамгийн бага цалин авдаг байна.